ЗАВХАН: Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны аравдугаар сарын 31
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 суманд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг
үзүүлнэ.
Сумдын хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн гишүүдэд хүүхдийн эрхэд суурилсан хандлага, үйлчилгээний онцлогын талаарх мэдээлэл өгөх. Хүүхдийн нас, хөгжлийн онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдээлэл зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгөх. Төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд таниулах.
Хүүхэд хамгааллын асуудлаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах зорилготой явуулын үйлчилгээг өнөөдрийн байдлаар 10 суманд хүргэлээ.
Сумдад үзүүлж буй явуулын үйлчилгээний үеэр хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, хүүхдийн хамтарсан багуудын төлөөлөгч нарт зориулан Монгол Улсын гавьяат багш, доктор, дэд профессор Х.Баавгай тодорхой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, хүүхэд хүмүүжлийн талаарх сайн туршлагын талаар таниулж байна. Мөн үеэр хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, кейс дээр арга зүйн дэмжлэг үзүүлж байна. Ялангуяа шинэ зууны багшийн ур чадвар, хандлага , ахлах ангийн сурагчдад зориулан шинэ зууны “Z” үеийнхэний онцлогийн талаар ярилцлага зохиож, сургуулийн дотуур байрын стандарт MNS 6781:2019 дагуу хяналт шалгалт хийх.
Үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага, мэдээллийн кейс шийдвэрлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх талаар сумын хамтарсан багуудад арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг насанд хүрэгчид болон хүүхдүүд нээлттэй авах боломжтой юм. Шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. Явуулын үйлчилгээ 10 суманд хүрч давхардсан тоогоор 1600 гаруй хүүхэд, иргэн оролцжээ. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үргэлжлүүлэн бусад суманд хүргэнэ. Сүүлийн гурван жил хүүхэд хамгааллын үйлчилгээг бүх суманд тэгш хүртээмжтэй хүргэхээр зорьж байна гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв.
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ Их-уул сум
Хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх үзүүлбэр үзүүлж буй нь
Хүүхэд хамгааллын үйлчилгээний үеэрх танин мэдэх тэмцээн