Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-23 14:44:41

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны аравдугаар сарын 23 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзжээ. Энэ үеэр Э.Блинкен Газын зурваст илүү их хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тал дээр Израилын тал хангалттай арга хэмжээ авахгүй байгааг дурдаад, нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргахыг хүссэн гэж Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдээлсэн байна.


Э.Блинкен Газа дахь хүмүүнлэгийн байдлын талаар Б.Нетаньяху болон Израилын бусад албан тушаалтантай өргөтгөсөн яриа хэлэлцээ хийсэн гэж нэрээ нууцалсан төлөөлөгч хэлжээ. Төрийн нарийн бичгийн дарга Ойрх Дорнодод долоо хоногийн турш хийх айлчлалын хүрээнд Израилд очсон юм. Уулзалтын талаарх Израилын талын мэдэгдэлд хүмүүнлэгийн асуудлыг дурдаагүй байна.


Энэ сард Э.Блинкен, АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин нар Израилын удирдагчдад хаягласан захидалдаа, Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын тулд ирэх сард илүү их арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардсан бөгөөд эс тэгвээс АНУ-ын цэргийн тусламжийг хязгаарлаж болзошгүй талаар дурджээ. Энэ нь Израил-ХАМАС-ын дайн нэг жилийн өмнө эхэлснээс хойших хамгийн хүчтэй сануулга байв.


Тэдний өнөөг хүртэл хийсэн алхмууд хангалтгүй байгаа бөгөөд бид илүү их хүчин чармайлт гаргаж байгааг харах хүсэлтэй байгаагаа өнөөдөр тодорхой илэрхийллээ. Тэд бидний хүсэлтийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ амласан. Бид тэдгээр амлалтыг нухацтай авч үзэж байгаа боловч үр дүн чухал юм” гэж албаны хүн хэлжээ. НҮБ-ын мэдээлснээр, Газын зурваст нэвтэрч буй тусламжийн хэмжээ жилийн хамгийн доод түвшинд хүрч буураад байна. Түүнчлэн энэ сард тусламж хүргэх үйл ажиллагаанд, ялангуяа Газын хойд хэсэгт тусламж хүргэх олон арван оролдлогод Израил саад учруулж байна гэж НҮБ мэдэгджээ.

相关新闻