ЗАВХАН: Цоохор ирвэсийг таниулах мэдээллийг тогтмол өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-23 14:57:09

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Олон улсын ирвэс хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.


Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдөр дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой тэмдэглэдэг. 

Цоохор ирвэсний талаарх мэдээллийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхээгээс тодруулав.


-Завхан аймагт цоохор ирвэсний судалгаа хийдэг үү? Хэчнээн тоо толгой байдаг вэ?

-Завхан аймагт цоохор ирвэсийн тархац байршлын судалгааг тогтмол хийж байна. Цоохор ирвэсний ул мөр болон түүний идэш тэжээл бологч амьтдын судалгааг өнгөрсөн жил хаягийн судалгааны арга зүйг ашиглан Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг орчимд хийж, баас зэргийг илрүүлсэн.


Монгол орны цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох дээрх судалгааны нэг хэсэг болох тохиолдлын судалгааны үр дүнгээр цоохор ирвэсийн тархац нутгийг цоохор ирвэс тохиолдох магадлал бага, дунд болон өндөр ангилалд хуваан тодорхойлсон. Бидний болон хамтрагч байгууллагуудын хийсэн автомат камераар цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох ажлууд бүгд цоохор ирвэс тохиолдох өндөр магадлалтай буюу гол амьдрах орчинд хийгдсэн тул цоохор ирвэс тохиолдох магадлал дунд болон бага амьдрах орчнуудад тоо толгой нь хэрхэн хэлбэлздэг талаар мэдээлэл дутмаг байна.


Нийт хэдэн тооны толгой цоохор ирвэс бий гэсэн нэгдсэн тоог хэлэх боломжгүй. Учир нь цоохор ирвэсийн тархац, байршлын судалгаанууд л хийж байна.


Дэлхийн байгаль хамгаалах сангаас ирүүлсэн удирдамж, арга зүйн дагуу автомат камеруудыг Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газруудад нийт 32 байршилд байршуулсан.


-Камеруудад дүрс тэмдэглэгдсэн үү?

-Байршуулсан камерт ирвэсний дүрс тэмдэглэгддэг. Зэрлэг амьтны мониторинг судалгаанд зориулан байршуулсан камеруудад зэрлэг амьтдын дүрс тэмдэглэгдэн үлддэг.

Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлүүлэн Алдархаан, Эрдэнэхайрхан сумын нутгаар нэн ховор, ховор цоохор ирвэс, аргаль, янгир ямааны төллөлт зэргийг камераар судалж байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нэн ховор цоохор ирвэсийн хоёр бүл, аргаль, янгир ямааны болон бусад зэрлэг амьтдын 2500 гаруй гэрэл зураг камерт бичигдэж, судалгаанд ашиглаж байна.


Ер нь хүнд барагтай бол харагддаггүй нууцлаг зэрлэг амьтдыг судлахад автомат камер их чухал байдаг.


Дээрх камерууд нь хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй хэдий ч зарим гэрэл зураг чанарын шаардлага хангахааргүй байна. Түүнчлэн зэрлэг амьтдын үр төлтэйгөө хамт болон гэр бүлээрээ байгаа гэрэл зургуудаас гадна ижил сүргээсээ тасарч буй байдал, зан төлөвийг ч дээрх гэрэл зургуудаас харж судалж болохоор байгаа нь сонирхолтой юм.


Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 11 талбайн 110 км замналын дагуух судалгаагаар гэхэд Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газарт бумбаа 1, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт цоохор ирвэсний 4 ул мөр буюу бумбаа 3, самардас 1, Гялгарын аманд бумбаа 2 тус тус тэмдэглэгдсэн байна.


-Өнөөдөр ирвэс хамгаалах дэлхийн өдөр. Танайхаас хүүхэд залуучуудад ирвэсний талаарх танин мэдэхүйн мэдээлэл сурталчилгааг хэр хийж байна вэ?

-Нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой үйл ажиллагаануудыг манай байгууллагаас тогтмол зохион байгуулдаг. Өнөөдөр гэхэд Улиастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн Эко клубтэй хамтран ирвэсийн талаар танин мэдэх сургалтыг хийсэн. Ирвэсийг яагаад хамгаалах ёстой вэ гэдгийг маш энгийнээр тайлбарлая.


Цоохор ирвэс нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг амьтан бөгөөд, ирвэстэй нутагт аргаль, янгир элбэг байдаг. Өөрөөр хэлбэл өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан.


Ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм. Ирвэсгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана. Туурайтан амьтан элбэг ийм нутагт газрын гарц бэлчээр ус сайтай байдаг учир эрүүл онгон дагшин нутгийг илтгэж байдаг юм. Үүгээрээ бид зөвхөн ирвэс бус уулсын экосистемийг бүхэлд нь хамгаалах зорилготой судалгааг хийдэг гэсэн үг юм. Ирвэс бол ийм чухал амьтан юм шүү дээ.

Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Ирвэсний талаарх танин мэдэхүйн, экологийн мэдээллийг ялангуяа хүүхэд залуучуудад танин мэдүүлэх ажлыг тогтмол хийж байна.

-Танд баярлалаа.  


Камерт тэмдэглэгдсэн цоохор ирвэс


相关新闻