Өдрийн сурвалжилга: Амьдралыг "Амьдрахуй" бүр ч өөрөөр хэлээд өгөх шиг...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-08 10:54:45

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Амьдрал бол тэмцэл бас шалгуур аж.


Амьдрал жаргалтай байна гэж ташуурахгүй, зовлонтой байна гэж нурж унах ёсгүй аялал санж. Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Орфэй” театрын шинэ бүтээл “Амьдрахуй” жүжиг энэ цаг үед Соёлын төв өргөөний тайзнаас олны хүртээл болж байна. Тус жүжгийг үзсэн хүн бүр өөр өөрийн ойлголтыг өвөртлөн гарч, “Амьдрахуй бол хүлцэхүй юм”  гэсэн жүжгийн гол мессэжтэй санал нийлж буй биз ээ. “Тариан түрүү боловсрох тусам бөхийдөг. Сурыг элдэх тусам уярдаг” гэдэгчлэн гол дүр Фү Гүйн амьдрал зовох тусам ухаажив уу гэлтэй. Эд хөрөнгөтэй, баян, сэхлүүн эр байсан тэрбээр жүжгийн төгсгөлд ядуу тарчиг, ганцаардмал, өр өвдөм нэгэн болж хувирдаг ч юу ч болсон амьдрах л хэрэгтэй гэсэн өгүүлэмж нь толгой руу тонших мэт хүчтэй юм.


Манай уншигчдын хүртээл болсон “Амьдрахуй” хэмээх жижиг хэмжээтэй ном долоон жилийн турш Монголын номын зах зээлд онцгой байр суурь эзэлж, бестселлерээс буугаагүй. Харахад жижиг хэмжээтэй шавилхан ном яагаад тэгтлээ их хүний сэтгэлийг хөндөж, ингэж их хүнд хүрч байна вэ гэхээр дээр хэлсэнчлэн хүний амьдралын жаргал зовлон, гоёчлохгүйгээр нэмэлт хачир хэтрүүллэггүй байгаагаар нь үнэнээр өгүүлсэнд гол нууц нь оршиж буй мэт. Фүй Гүйн залуу наснаас далан настай өвгөн болтол нь хамт “амьдарч үзсэн” үзэгчдийн сэтгэл хөдлөл өндөр байхаас гадна өрөвдөж, хайрлаж, хамт зовж, хамт ухаажиж, нулимсаа арчин гарч яваа харагдана билээ. Хүн төрөлхтөн бид дэлхийн таван тивд хуваагдан улс улсаараа тусгаар тогтнон амьдардаг ч хятад хүний зовлон тусдаа, монгол хүний зовлон тусдаа гэсэн ойлголт үгүй. “Үхэх амархан. Харин амьдрахад эр зориг хэрэгтэй” гэж далан настай Фүй Гүйн хэлсэн үг үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь лавтай. 


Намар цагийн эхний драмын жүжиг болох “Амьдрахуй” нь хөшгөө нээсэн цагаасаа тасралтгүй долоон хоног үзэгчдийг “шуугиулаад” буй. Шуугих гэдэгт мэдээж сайн, муу бүгд багтана. М.Батболд найруулагчийн шийдлээс ургасан “Амьдрахуй бол нийгмийн хийгээд хүний дотоод мөн чанарын толь мэт бүтээл боллоо” гэж үзэгчид дүгнээд байна. Эхний тоглолт болон жижиг техникийн асуудлуудаас шалтгаалан санал, шүүмжээр ч мөн шуугиулаад амжсан юм. Тэс өөр найруулга, хэв маягийг бий болгож түүгээрээ хэвшмэл байдлыг өөрчилж чадсан хүмүүс бол яах аргагүй Орфэй театрын хамт олон болжээ. Орой бүр 19:00 цагаас тоглож буй тус жүжгийн санал, сэтгэгдэл, мэдрэмжүүд цахим орчинд төдийгүй уушийн газрын ширээнээ хүртэл ам дамжин яригдсаар байна. Ингэхдээ гоочлох нь гоочилж, сайшаан магтах нь магтах аж. “Амьдрахуй” бол “Хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсноор жүжиг болгон тавигдсан энэ цаг мөчид нийт үзэгчдийн бодол санаанд нэгэн дуслыг цалгиулан, сэтгэлийн орон зайд нь долгион үүсгэж чадсанд талархал илэрхийлье.









Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд тоглож буйгаараа онцлогтой эл жүжиг албан ёсны нээлтээ өчигдөр хийж, хятад синхрон орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болов. Албан ёсны нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Шэнь Минь Жуань, Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Жи болон “Орфэй” театрын удирдлагууд оролцсон юм.






Элчин сайд Шэнь Минь Жуань хэлэхдээ, “Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Амьдрахуй” жүжгийг тоглож байгаа нь өөрөө онцгой ач холбогдолтой юм. Монголын жүжигчдийн тоглолтыг үзэх завшаан тохиож байгаа нь таатай хэрэг. “Амьдрахуй” зохиол нь хагас зууны өмнөх Хятад орны амьдралыг харуулсан байдаг. Одоо бол Хятадын өөрчлөлт, хөгжил тэс өөр түвшинд очсон. Монголын үзэгчдийн хувьд энэ жүжиг хөрш орны хагас зууны өмнөх амьдралыг үзүүлсэн байлаа ч амьдрахуйн, үхэхийн тухай ойлголт, ертөнцийг харах үзэл дэлхийн өнцөг булан бүрд ижил түвшинд байдаг учраас сайн хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.




Тэгвэл С.Дэлгэрмаа дарга “Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд Хятад, Монголын сонгодог 100 зохиолыг орчуулах ажлыг гардан зохион байгуулж байна. “Орфэй” театрынхан эдгээр зохиолын нэгийг нь олны хүртээл болгож байгаад сэтгэл өндөр байна” гэлээ.




Харин уг жүжгийн найруулагч М.Батболд, “Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр ярилцаж сонгосон. Манай продюсер М.Ариунчимэгийн сонголт юм. Энэ зохиолын драматург маш их таалагдсан. Өөдрөг хүн асар их зовлон туулж байгаа байдал нь эцэстээ юу ойлгосон гэдэг томъёог гаргаж байгаа юм. Би үүнд л гол анхаарлаа хандуулж, томъёолж, төвлөрсөн. Оршихуйн мөн чанар бол хүлцэхүй юм. Хүлээн зөвшөөрөх мэдрэмж бидний хувьд цоо шинэ байж магадгүй. Тэгвэл үүнийн мэдрүүлж, ойлгуулах нь өнөө цагийн театрын урлагт шинэ мэдрэмж гэж бодсон. “Амьдрахуй”-гаас сэдэвлэсэн кино байдаг. Харин тайзны бүтээлийг Монголын уран бүтээлчид анх удаа олны хүртээл болгож байгаа нь онцлог юм” хэмээн ярьсан юм.




Харин БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Жи, “Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” зохиол монгол хэлээр хэвлэгдэж, Монголын уншигчдад маш их хүрсэн. Өнөөдөр тайзны уран бүтээл болж, Монголын үзэгчидтэй уулзаж байна. Хувь хүнийхээ зүгээс Үй Хуагийн “Амьдрахуй” туужид дуртай, уншсан. Энэ гайхалтай зохиол “Орфэй” театрын чадварлаг уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр тайзны бүтээл болсонд маш их баяртай байна. Хоёр орны найрамдалт харилцааны 75 жилийн хүрээнд олон ажил хийсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэсэн. Энэ бол үйл ажиллагааны эхлэл байсан юм. Хамгийн сүүлд л гэхэд Ляонин мужийн чуулга Монголд тоглолт хийсэн. Мөн Монголын чуулгын уран бүтээлчид ч Хятадын ард түмэнд тоглолтоо үзүүлнэ. Түүнчлэн аравдугаар сард Хятадын Зүүд хойдын Жилин муж, арваннэгдүгээр сард Өвөрмонголын соёлын долоо хоног соёлын өдөрлөг болно” гэж ярилаа. 







相关新闻