ДОРНОГОВЬ: “Багш, сурагч солилцооны хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг, Японы Шизүока
мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоогоод 12 жил болж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Мужийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албаны дарга Ёкочи Масүми тэргүүтэй төлөөлөгчид, 20 сурагч, таван багшийн хамт наймдугаар сарын 6-8-нд Дорноговь аймагт зочилсон байна.
Төлөөлөгчдийг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал,
Засаг даргын орлогч Г.Март болон албаны
хүмүүс хүлээн авч уулзаж, аймаг, мужийн хооронд боловсрол,
эрүүл мэнд, соёл, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа,
үйлдвэрлэл, аялал жуулчлал, нийгмийн бүх салбарт харилцаагаа өргөжүүлэх хүсэлт
тавьж, санал солилцжээ.
Энэ хугацаанд талууд “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 12 дахь жилдээ хэрэгжүүлэн нийт 516 сурагчийг хамруулсан байна. Арлын орноос Дорноговь аймагт ирсэн багш, сурагчидтай Сайншанд сумын V, VI сургуулийн багш сурагчид уулзан монгол өв соёлоо сурталчлан таниулж, монгол бичгээр унших, бичих багийн сургалтыг
явуулж, хамтран суралцав.
Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь Японы сурагчдыг Дорноговь аймагт байх хугацаанд монгол сурагчид хариуцан нөхөрлөж, монгол өв соёл, говь нутгийн онцлогоо таниулахын зэрэгцээ япон орны соёлоос ч суралцжээ.
Гурван өдөр үргэлжилсэн сурагч солилцооны хөтөлбөрөөр Шизүока
мужийн багш, сурагчид малчин айлаар зочлон, Хамарын хийдээр аялж, говь
нутгийн онцлог, түүх соёлтой танилцахын
сацуу бэсрэг наадамд оролцон
нүүдэлчдийн өв соёлоос танин мэджээ.
“Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийн дагуу Дорноговь аймгийн багш, сурагчид ирэх 10 дугаар сард Япон Улсын Шизүока мужийг зорино.