Ш.Ишиба Японы эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 24 /Kyodo/. Японы Батлан
хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба ирэх есдүгээр сард болох эрх баригч намын
даргын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өнөө өглөө мэдэгджээ. Ингэснээр тэрбээр
Либерал ардчилсан намын /ЛАН/
даргын сонгуульд тав дахь удаагаа өрсөлдөх гэж байна.
Өдгөө 67 настай Ш.Ишиба өмнөх сонгуулиудад өрсөлдөхдөө Шинзо Абэ, Ёшихидэ Сүга нарт ялагдаж байсан бол одоогийн
Ерөнхий сайд Фүмио Кишида ЛАН-ын даргаар сонгогдож байсан 2021 сонгуульд нэрээ
дэвшүүлээгүй юм.
Банкираас улстөрч болсон Ш.Ишиба
мэдэгдэхдээ, есдүгээр сарын 27-нд болох сонгууль бол түүний “сүүлчийн тулаан”
байх бөгөөд улс төрийн 38 жилийн карьерийнх нь “оргил цэг” байх болно гэжээ. Өмнөх
сонгуульд Ш.Ишибагийн дэмжиж байсан, 61 настай Цахим шинэчлэлийн сайд Таро Коно
ирэх даваа гарагт сонгуульд нэрээ дэвшүүлэх төлөвтэй байна.
ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн
даргаар ажиллаж байсан Ш.Ишиба олон нийтийн дунд явуулсан санал асуулгын
дүнгээр дараагийн Ерөнхий сайд болох магадлал өндөр байгаа боловч нам доторх байр
сууриа бэхжүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Тэрбээр Японы түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан эрхэм болох Шинзо Абэг эдийн засгийн бодлого зэрэг тал дээр эрс шүүмжилж, бүс нутгийн эдийн засгийг сэргээхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалж байлаа.
Есдүгээр сарын 27-нд болох ЛАН-ын даргын сонгуульд 10 орчим хууль
тогтоогч өрсөлдөх төлөвтэй байна.