ЗАВХАН: Тандалт шинжилгээгээр тарваган тахлын голомт идэвхтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын
байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.
Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 7-р сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд тарваган тахлын эрсдэл бүхий сумдын нутаг дэвсгэрт голомтыг хянах тандалт шинжилгээг хийсэн. Энэ жил Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумдын нутгаар тарваган тахлын байгалийн голомтыг хянах шинжилгээг хийлээ.
Шинжилгээгээр Яруу сумын нутгаас олзворлосон тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нян илэрч, тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон.
Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум
тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг,
Сонгино, Отгон зэрэг суманд тарваган тахлын голомтын идэвхжил их байдаг. Тарваган
тахал үүсгэгч нянг зөвхөн тарваганд л байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий.
Гэхдээ энэ нян нь бүх мэрэгч амьтанд байдаг. Ялангуяа бөөс, бүүргээр
дамжин халдварлах эрсдэлтэй.
Тахалтай тарвага болон мэрэгч амьтдыг хазсан бөөс, бүүрэг нь хүнийг хазахад тахал үүсэх эрсдэлтэй юм.Тиймээс мэрэгч амьтны нүх, дош, сэг зэмээс хол явах, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй, тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхгүй, тарвагыг тээвэрлэх, хадгалахгүй байхыг зөвлөж байна.
Ялангуяа амарч зугаалж явахдаа хөдөө, хээр үхсэн, хөдөлгөөн
удааширсан тарвага таарвал хүрч болохгүйгээс гадна энэ тухайгаа Завхан аймгийн
Зоонозын өвчин судлалын төвийн 70462432, 90908399, 99040668 дугаарын
утсаар яаралтай мэдэгдээрэй.
Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх хэрэгтэй гэж Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.
Тарваган тахлын байгалийн голомтыг хянах шинжилгээг хийх явц