ЗАВХАН: Фото зургийн студи 1941 онд байгуулагдаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-19 14:12:15

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр гэрэл зураг сонирхогч, мэргэжлийн гэрэл зурагчдын өдөр тохиож байна.

Завхан аймагт 1941 онд фото зургийн студи анх байгуулагдаж байжээ. Явцдаа Тосонцэнгэл хотод салбарлан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн түүхтэй.


Аймгийн фото студи 1961 онд 56 мянган төгрөгийн зураг үйлдвэрлэж байв.

Тус студи В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан бүх ард түмний социалист уралдаанд улсад хоёрдугаар байр эзэлсэн ба 1971 онд аймгийн соёлч байгууллагаар шалгарч байсан тухай “Завхан аймгийн нэгэн зууны түүх” номд өгүүлсэн байна.


Завхан аймгаас мэргэжлийн гэрэл зурагчин олон төржээ. Орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа нь хуруу дарам цөөн. Орон нутгийн гэрэл зурагчид нутагтаа болж байгаа олон үйл явдлыг гэрэл зурагт мөнхөлж, түүх үлдээж байдаг нь бахархам юм. Техник технологи хөгжихийн хэрээр гэрэл зураг сонирхогчдын тоо ч нэмэгдсэн байна. Гэрэл зураг бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн гайхамшигт бүтээлийн нэг.


Гэрэл зургаар түүхэн үйл явдал, сонирхолтой агшин, үзэсгэлэнт байгаль, спорт урлагийн ялалт, үхэл амьдралын мөч гээд хэзээ ч дахин давтагдахгүй агшинг буулгаж чаддаг.

Гэрэл зургийн ачаар бид өнгөрсөн үедээ аялж, амьдралынхаа сайхан үеүдийг дурсан санадаг шүү дээ гэж Завхан аймгийн гэрэл зурагчдын холбооныхон хэлж байв.

Сонирхуулахад, 1839 оны наймдугаар сарын 19-ний өдөр Францын гэрэл зурагчин Луи-Жак-Манде Дагер (1787—1851) гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээн "Daguerreotype" гэх өөрийн нэрээр нэрлэж, хамгийн анхны гэрэл зургийн патентын эрхээ авч байжээ.


2009 онд гэрэл зураг сонирхогч, мэргэжлийн гэрэл зурагчдын баярын өдрийг санаачилж, 2010 оноос дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн түүхтэй.



Завхан аймгийн иргэд 1948 он. 


Улиастай хотод задгай театрт концерт тоглож байгаа нь 1948 он.

Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын архивд хадгалагдаж буй гэрэл зураг


Улиастайд 1948 онд анхны ясли байгуулагдсан нь, гэрэл зургийг Фото студийн зурагчид


Ажилчны клубын уран сайханчид,

Улиастай хотын шийний газрыг 1949 оноос "Ажилчны клуб" хэмээн нэрийджээ


1946 оноос бүх шатны сургууль шинэ монгол үсгээр хичээлээ явуулж эхэлжээ


Улиастайн 1-р сургуулийн багш нар 1948 он

相关新闻