СЭЛЭНГЭ: Үзэсгэлэнт сайхан газар нутаг, онцлог үзмэрүүдээрээ аялагч, жуулчдын сэтгэлийг татаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-26 11:31:41

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Хүннүгийн үеийн хүн чулуун хөшөө, булш хиргисүүр, их эзэн Чингис хааны домогт Буур хээрийн тал, сүсэгтэн олны бишрэл хүндлэл болсон бурхан номын ариун газар Амарбаясгалант хийд, Ардын хувьсгал, газар тариалангийн өлгий нутаг гээд түүх, соёлын баялаг өв сантай нутаг гэдгээрээ алдартай.

 

Энэ ч утгаараа Сэлэнгэ аймагт дотоодын болоод гадаадын аялагч, жуулчдын сэтгэлийг татдаг олон сайхан үзэсгэлэнт газар нутаг, онцлог үзмэрүүд байдаг.

 

Тухайлбал зөвхөн нэг өдрийн аялагчид Шаамар сумын нутагт орших “Дэвсэг ээж” буюу Ээж мод, Сүхбаатар хот дахь Хулан хатан, Алтанбулаг дахь Буур хээрийн тал, Оргидог булаг, Тужийн нарс, Цамхаг, Дулаанхаан уул, Алтанбулаг сумын Номтын ам далийн ягаан цэцэг, Гүнжнуур, Сайханы хөтөл зэрэг үзэсгэлэн төгс байгалийн сайхнаар аялах боломжтой.

 

Дээрх үзмэрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар орон нутгийн төр захиргаанаас аялал жуулчлалыг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин зочдод зориулсан төрөл бүрийн таатай үйлчилгээнүүдийг нээн ажиллуулж байна.

 

Тодруулбал, очсон газар бүхэнд төрөл бүрийн хоол, зууш, Сэлэнгийн брэнд болсон олон төрлийн ногоогоор амталсан зууш, жимс жимсгэнэ, ундаа жүүс, цай, кофе гэх мэт цөм бэлэн.

 

 Сэлэнгэ аймгаар аялагч та бүхэн:

 

-Орхон Сэлэнгийн бэлчир, Сайханы хөтөл

-Тужийн нарсны байгалийн цогцолборт газар

-Хан-Хэнтийн дархан цаазат газар

-Ардын журамт цэргийн түүхэн ялалтын ой, баатруудад зориулсан

хөшөө дурсгалууд, дайчин алдрын замнал

-Хараа гол, Ерөө, Зэлтэр зэрэг гол мөрөнд спорт загас агнуур хийх,

-Ан агнуур /загас, чоно, бор гөрөөс, зэрлэг гахай гэх мэт/

-Байгалийн дагалдах баялаг

-Шашны болон бөө мөргөлийн аялал жуулчлал. Амарбаясгалант хийд, Ээж мод

-Аймгийн наадам, Цагаан сарын ёслол,

-Урлаг, соёл, спортын олон улсын болон бүс нутгийн чанартай үйл ажиллагаанууд

-Нүүдэлчин монгол үндэсний ёс заншил, ахуй амьдралтай танилцаж, олон сайхан түүхийг бүтээх болно.