ЗАВХАН: Отгонтэнгэрийн халуун рашаан, арьс харшил, зүрх судасны өвчинд тустай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-11 13:18:03

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр рашаан сувилалд амрах амрагчдын захиалга их байна.


Энэ жил сувилал зургаадугаар сарын 10-наас эхлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжид 150-210 хүн хүлээн авах боломжтой.




Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн эмчилгээ, хоол, байр үнэгүй. Долоо хоног бүрийн 2, 4 дэх өдөр аймгийн төв Улиастайгаас нийтийн унаа 40 мянган төгрөгөөр үйлчилдэг. Эрүүл мэндийн даатгалтай үйлчлүүлэгч 10 хоноход 40 мянган төгрөг, харин даатгалгүй иргэд хоногийн 70 мянган төгрөгийн үнэтэй амарч сувилуулна.


Өнөөдрийн байдлаар рашаан сувилалд хэвтэн эмчлүүлэх иргэдийн дараалал их байна. Тиймээс рашаан сувиллын газартай холбогдож бүртгүүлэх хэрэгтэй юм.


Рашааны химийн найрлага нь хийн бүтцээрээ азот хий 85-93 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл азот хий 50-60 хувь, хүхэрт устөрөгч 8.5-31.8 хувийг эзэлсэн азот хүхэрт устөрөгч холилдсон хоёр бүлэгт хуваагдах +13C градусаар +55С градусын халуун рашаан юм.


Рашаан нь 350-370мг/л эрдэсжилттэй, сул шүлтлэг хүхэрт устөрөгч бүхий азотын халуун рашаан. Хүхэрлэг хар шавартай. 



Бүтэц найрлага, эмчилгээний идэвхийн байдал нь бүгд судалгаагаар нарийн тогтоогдсон байдаг.

Рашаан нь тулгуур хөдөлгөөний эрхтний өвчин, зүрх судас, цусны эргэлтийн дутмагшил, нэг үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин, судасны өвчнийг анагаадаг. Мөн арьсны өвчин, хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал нейродермит, намарс, арьсны загатнаат өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчний хурц биш үе, гуурсан хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл зэрэг өвчнийг эмчилдэг.


Үйлчлүүлэгч, өвчтөнүүдэд рашаан уулгах, рашаанд оруулах, шавар тавих, бариа, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, дасгал хөдөлгөөнөөр сувилдаг.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Улиастай суманд байрлах Отгонтэнгэрийн рашаан сувиллын төв байрнаас очиж авах, эсвэл 94845433 утсаар холбогдох боломжтой гэж Отгонтэнгэрийн рашаан сувиллын газраас мэдээлэв.  

 

Ташрамд, “Отгонтэнгэр” рашаан сувилал нь Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Улаанбаатараас 1210 километрийн зайд Отгонтэнгэр уулаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, Рашаан голын хөндийд далайн түвшнээс дээш 2500 метрт байрладаг.

 

Рашаан сувиллын орчин нь мөнх цаст мөсөн голоос эх авсан цэнгэг уст гол горхи, тагийн болон ойт хээрийн бүсийн ургамал, мод бут холилдсон. Ойн зурваст вансэмбэрүү, алтангагнуур, бэрээмэг, хонин арц зэрэг нэн ховор ургамлууд, буга, аргаль, янгир, хүдэр, шилүүс, чоно, үнэг, тарвага зэрэг ан амьтадтай.


Нутгийн шүтээн рашааны могой, төрөл бүрийн шувуу, загасаар баян, өндөр уулын бичил уур амьсгалтай. Жилд 200-300 мм хур тунадас унадаг.


Агаарын жилийн дундаж температур цельсийн +13-аас -40 хэмийн хэлбэлзэлтэй, байгалийн ховор үзэсгэлэнт Монгол Улсын дархан цаазат газар юм. 


Сонирхуулахад, Отгонтэнгэрийн халуун рашааныг анх нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр орчмын нутаг хошуудаас хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр хэрэглэж байсан домог бий. 

相关新闻