Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-06-06 12:43:43

БРАТИСЛАВ, 2024 оны зургаадугаар сарын 6 /DW/. Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо амь насанд нь халдах оролдлого гарснаас хойш анх удаа мэдэгдэл хийх үеэрээ өөрт нь халдсан этгээдийг сөрөг хүчний намын идэвхтэн хэмээн тодорхойлжээ


Тавдугаар сарын 15-нд Р.Фицог ойрхноос дөрвөн удаа буудсан бөгөөд халдлага үйлдсэн этгээд нь 71 настай Юрай Ч гэгч болохыг тогтоосон байна. Түүнийг санаатайгаар хүний аминд хүрэхийг завдсан гэх үндэслэлээр буруутгаж, цагдан хорьжээ.


Ерөнхий сайд фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ, өөрийг нь буудсан этгээдийг үзэн ядахгүй гэдгээ хэлээд, үүрэгт ажилдаа зургаадугаар сарын сүүлчээс аажмаар эргэн орно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. 


Р.Фицо мөн тавдугаар сарын 31-нд гэрийн эмчилгээнд шилжих хүртэл хоёр удаа удаан үргэлжилсэн мэс засал хийж, биеэ тэнхрүүлэхэд нь тусалж байсан эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.


“Тавдугаар сарын 15-нд сөрөг хүчний идэвхтэн улс төрийн үзэл бодлоос минь шалтгаалан намайг Хандлова хотод хөнөөхийг завдсан. Намайг буудсан үл таних хүнийг би огт үзэн ядахгүй байна. Би түүнийг уучилж, юу хийснээ, яагаад ингэснээ өөрийнхөө толгойгоор эргэцүүлэн бодож ойлгоосой гэж хүсэж байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Р.Фицо мөн 14 минут үргэлжилсэн дүрс бичлэгийн үеэр Украины дайны талаарх Европынхоос ялгаатай үзэл бодол нь өөрийг нь онилоход хүргэсэн хэмээн ярьжээ. Тэрбээр Европын Холбооноос ОХУ-д тавьсан хоригуудыг эсэргүүцэж байгаа бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард тангараг өргөснийхөө дараа Украинд үзүүлэх цэргийн тусламжийг зогсоосон юм.


Өдгөө Словакийн Ерөнхий сайдаар гурав дахь удаагаа ажиллаж байгаа Р.Фицо өмнө нь 2006-2010, 2012-2018 онуудад уг албан тушаалыг хашиж байв. Гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан тэрбээр Москвад буулт хийхийг Украинд уриалсны дараа Словак-Украины харилцаа илт мууджээ.

相关新闻