ЗАВХАН: Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 4200 хүнд нөлөөллийн ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-05 16:30:45

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд 4200 гаруй хүнд нөлөөллийн ажлыг хийжээ.


Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. Энэ нь дэлхий дахинд байгаль орчноо хамгаалахыг уриалах тэмдэглэлт өдөр юм.


НҮБ-ын Ерөнхий ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар 1972 онд тунхаглажээ.

Энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагааг явуулдаг байна.


Завхан аймагт БОАЖЯ-ны харьяа долоон газар үйл ажиллагаа явуулдаг. Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Хяргас-Завхан гол болон Идэр голын сав газрын захиргаа, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газарт 100 гаруй албан хаагч ажиллаж байна.


Эдгээр байгууллага хамтран байгаль орчныг хамгаалж экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр он гарсаар 4200 гаруй хүнд нөлөөллийн ажлыг хийжээ.


Эдгээрээс онцолбол, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 8 нэр төрлийн мод, бутны 9000 тарьц, суулгацыг бэлтгэж, мод тарих, арчлах ургуулахад нь арга зүйн зөвлөгөө өгчээ. Тухайлбал аймгийн төв Улиастай сумын 280 өрхөд 1400, бусад суманд 7600 суулгацыг хуваарилж, 1680 өрхөд байгаль орчны газрын мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээллийг газар дээр нь үзүүлжээ. 


Мөн Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас цогцолборт газрын орчны бүсийн Их-Уул сумын Идэр голын захад байрлах “Думаагийн рашаан” хэмээх рашааныг хашиж тохижуулсан байна.


Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд усыг хамгаалах, мод бут тарих, байгальд ил задгай хог хаяхгүй байхыг уриалсан нөлөөллийн ажлыг давхардсан тоогоор 7800 гаруй хүнд хийсэн тухай Завхан аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын нэгдлээс мэдээлэв. 

相关新闻