ЗАВХАН: Гурилаас бусад өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-06 12:21:12

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өссөн байна.


Зургаадугаар сарын байдлаар аймгийн төвд "Алтан тариа"-ны гурил 2500, шингэн сүү 7000, цагаан будаа 3800, элсэн чихэр 4500 төгрөгийн үнэтэй байна.


Мөн хонины мах 16000, үхрийн мах 17000, ямааны мах 7000 төгрөг. Шатахууны үнэ АИ-80 бензин литр нь 2870, АИ-92 бензин литр нь 2890, дизелийн түлш литр нь 3840 төгрөгөөр худалдаж байна.


Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал өнгөрсөн оны мөн үед шингэн сүү 3000-3400 төгрөгийн үнэтэй байсан байна. Аймгийн төвд орос гурил 50 кг нь 75-80 мянган төгрөг байгаа бөгөөд гурилаас бусад өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн жилээс 2-3 дахин өсжээ.


Хэрэглээний үнийн индексийн сагсны төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах үүднээс хэрэглээний сагс, жинг таван жилд нэг удаа шинэчилдэг.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсыг аймагт 313 бараа, үйлчилгээгээр бүрдүүлдэг. Ингэхдээ өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2018, 2019, 2020, 2022 оны дундаж үр дүнгээр жинг тооцон, 2020 оны шинэчилсэн суурьтайгаар боддог. Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо бараа, үйлчилгээний геометр дундаж үнийг ашигласан гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

 

相关新闻