ГОВЬ-АЛТАЙ: Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүсийн чуулга уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-30 11:45:27

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Бүсийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чуулга уулзалтад 10 аймгийн 250 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. 


Тавдугаар сарын 28-нд болсон чуулга уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал тэргүүтэй төлөөлөл болон аймгуудын өрхийн эмч сувилагч нар оролцсон юм.  


Мөн үеэр Говь-Алтай аймгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, өвчлөлийн шалтгаан, нас баралтыг багасган дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг танилцуулсан юм. Энэ хөтөлбөр нь 2024 оноос таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд иргэн бүрд 80-аас дээш наслах хандлагыг бий болгож, хүн бүрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлон, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, өвчлөлд нөлөөлөх шалтгааныг тогтоон өвчлөл, нас баралтыг бууруулснаар Говь-Алтай аймгийн хүн амын дундаж наслалтыг 80-аас дээш хүргэх зорилготой ажээ.


Хөтөлбөрийн зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжээс эхлэн хоёрдугаар шатлалын байгууллага оролцохоороо онцлогтой юм. Иргэдийн өвчлөл, тэдний нас баралтын шалтгааныг бууруулахад ахиц гаргасан сум, өрхийн эмнэлгийн хамт олныг багаар нь шалгаруулж, 50 хүртэлх сая төгрөгөөр шагнан урамшуулна хэмээн Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат хурлын үеэр хэллээ. 


"Харилцан суралцъя" уриан дор өрнөсөн чуулга уулзалтад Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар зэрэг 10 аймгийн 250 гаруй эмч, сувилагч нар оролцлоо.


相关新闻