БАЯН-ӨЛГИЙ: Үйлдвэр эрхлэгчид 3.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Баян-Өлгий аймгийн үйлдвэр эрхлэгчдэд зориулж 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр баталсан.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас үйлдвэр эрхлэгчдийн хөнгөлөлттэй зээл хүссэн хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба Баян-Өлгий аймгаас нийтдээ 3.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 27 төсөлд зээл авах хүсэлт гаргажээ.
Ирсэн төслүүдэд Төсөл сонгон шалгаруулах дэд хорооноос нарийвчилсан үнэлгээ хийснээс одоогийн байдлаар хүнс, мал аж ахуй, оёдол болон хог хаягдал боловсруулах чиглэлийн 1.19 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 8 төсөл шалгарч үлдээд байна.
Төсөл сонгон шалгаруулах дэд хороо эцсийн шийдвэрээ ирэх сарын 10-ны өдрийг хүртэл гаргана гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн С.Лара хэллээ.
Ташрамд сануулахад, өнгөрсөн онд Жижиг, дунд
үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тус аймгийн жижиг, дунд үйлдвэр үйлдвэр
эрхлэгчдийн 10 төсөлд 1 тэрбум 71 сая
төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон юм.