Олон улсын шүүхээс Рафах дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг Израилд үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-25 10:06:27

ХААГ, 2024 оны тавдугаар сарын 25 /CNN/. НҮБ-ын дээд шүүх Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод явуулж буй цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Израилын талд үүрэг болгожээ.


"Израилын улс Рафахт явуулж буй цэргийн довтолгоо болон бусад үйлдлээ нэн даруй зогсоох ёстой" гэж Олон улсын шүүхийн /ICJ/ шүүгч Наваф Салам мэдэгдсэн байна. 


Нидерландын Гааг хотод байрладаг тус шүүх ӨАБНУ-ын дэвшүүлсэн "геноцидын хэргийг хэлэлцэх" саналын хүрээнд баасан гарагт ийм шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, гуравдугаар сард шүүхээс түр зуурын арга хэмжээ авах шийдвэр гаргаснаас хойш Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдал улам бүр дордсон байна. 


"Хүмүүнлэгийн нөхцөл байдал өнөөдөр гамшгийн байдалтай байна" гэж Н.Салам хэлжээ.


Израилын арми тавдугаар сарын 7-нд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш тавдугаар сарын 18-ны байдлаар 800 мянга орчим палестинчууд Рафахаас дүрвэсэн гэдгийг шүүх онцлон тэмдэглэсэн байна.


Израилын тал цэргийн ажиллагаагаа эхлэхийн өмнө хотын энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан боловч энэ нь Палестины хүн амд учирч буй асар их эрсдэлийг багасгахад хангалтгүй гэж шүүх үзжээ.




相关新闻