БАЯН-ӨЛГИЙ: 12 сумын сургуульд 300 ширхэг компьютер олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-24 14:21:32

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, "ДЭЗЭРЭТ" олон улсын энэрлийн байгууллага хамтран "Төвөөс алслагдсан сургуулийн сурагчдыг компьютероор хангах төсөл"-ийг 2023-2024 оны хичээлийн жилд хэрэгжүүлж байгаа.


Тус төсөл нь хот, хөдөөгийн сургуулийн боловсролын чанарын ялгааг багасгах, сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, цахим сургалтын орчныг сайжруулах зорилготой.


Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн хөдөөгийн 12 сумын ерөнхий боловсролын 12 сургуульд 300 ширхэг зөөврийн компьютер олголоо.


Дээрх компьютерыг ашиглан сургууль бүрд цахим анги байгуулан ажиллуулах бөгөөд тус аймгийн 10500 хүүхэд төслийн үр өгөөжийг хүртэн мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж ийнхүү бүрдэж байна.


"Төвөөс алслагдсан сургуулийн сурагчдыг компьютероор хангах төсөл"-ийг манай улсын гурван аймагт хэрэгжүүлж байгаа. Баян-Өлгий аймгаас гадна Ховд аймгийн 16 сумын сургуульд 240 ширхэг, Архангай аймгийн 18 сумын 23 сургуульд 460 ширхэг зөөврийн компьютер тус тус олгосон ажээ.   

相关新闻