Францын цэргийг Шинэ Каледонид оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 16 /РИА Новости/. Шинэ Каледонид үймээн самуун дэгдсэн тул Франц улс тус арал руу цэргээ оруулсан тухай Ерөнхий сайд Габриэл Атталь сайд нарын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ. Энэ тухай телевизийн ВFMTV суваг мэдээлжээ.
“Францын армийн цэргүүд Шинэ Каледонийн боомтууд, нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлыг хангах үүднээс Францын армийн цэргүүдийг тэнд байрлуулсан” гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Түүний ярьснаар, далайн чанад дахь нутаг дэвсгэрийн дээд комиссар Луи Ле Фран цэргийн нэмэлт хүч илгээх хүсэлт тавьжээ. Мөн тэрбээр тус арал дээр ТикТок сүлжээг хаахыг тушаасан байна.
Шинэ Каледони бол эх газрын Францаас 20 орчим мянган км-ийн алсад Номхон далайд оршдог бүлэг арлууд юм. 1853 онд Франц улс тус газар нутгийг өөрийн эзэмшилд авсан байна. Өдгөө 270 мянган хүн амтай тус арал нь засаг захиргаа – нутаг дэвсгэрийн онцгой статустай.
Парисын цагаар өчигдрийн 20:00 цагаас эхлэн Шинэ Каледонид онц байдал зарласан бөгөөд уг шийдвэр 12 хоногийн хугацаанд үйлчлэх ажээ. Мөн өнөөдөр Ерөнхийлөгч Э.Макрон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулах гэж байна.
Болсон явдлыг дурдвал, даваа
гарагт Нумеа хотод эхэлсэн тайван жагсаал цуглаан хэсэг хугацааны дараа үймээн
самуун өргөжиж, танхай этгээдүүд дэлгүүрүүд, эмийн сангууд, ШТС руу дайрч тонон
дээрэмджээ. Үймээний үеэр 22 настай цагдаагийн ажилтан болон өөр 3 хүн амиа алдаж,
хэдэн зуун хүн гэмтэж бэртсэний дотор олон арван цагдаагийн ажилтнууд байна.
Үймээнд оролцогчдын дунд насанд
хүрээгүй хүүхдүүд олон байсан бөгөөд тэд Францын парламентаар хэлэлцэж буй
хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төсөлд “Шинэ Каледонийн нутаг
дэвсгэрт 10-аас дээш жил амьдарсан хүмүүст сонгуульд оролцох эрх олгоно” гэж заалт
орсон байна. Үүнийг тусгаар тогтнолыг дэмжигч канаки гэдэг уугуул омгийнхон
эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулжээ. Учир нь, сүүлийн 20 жилийн
хугацаанд тус аралд ирж суурьшсан европчууд сонгуулийн эрхтэй болох аваас
уугуул иргэд цөөнх болж хоцорно гэж тэд болгоомжилж байгаа аж.
Одоо хэрэгжиж хуулиар бол, 1998
оны Нумеагийн гэрээг байгуулах үед сонгогчдын нэрсийн жагсаалтад байсан
иргэд ба тэдний үр хүүхдүүд сонгуульд оролцох эрхтэй байгаа юм.