ГОВЬ-АЛТАЙ: “Дахивраа дахин ашиглая” аян хөдөөгийн сумдад өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-01 14:36:20

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгахх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан” Дахивраа дахин ашиглая” аяныг өрнүүлж байна. 


Аяныг хөдөөгийн 17 сум, хоёр тосгонд 10 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлнэ. Аяныг БОАЖГ-аас санаачлан дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын дахивар хог хаягдал хариуцсан алба, "Дэолс" компани хамтран Есөнбулаг сумаас бусад сум, тосгонд зохион байгуулж байгаа юм.


Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, эдийн засгийн эргэлтэд оруулах, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг хогоо ангилан ялгах дадал хэвшилтэй болгох, дахивраа дахин ашиглах дадал зуршлыг бий болгохыг зорьж байгаа тухай БОАЖГ-ын Орчны бохирдол, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жавзмаа мэдээллээ. 


Говь-Алтай аймагт дахивар хог хаядлыг дахин боловсруулах хоёрдогч түүхий эд хүлээн авах хоёр цэг ажиллаж байгаа бөгөөд тус газрууд авсан түүхий эдээ дахин боловсруулж замын бордюр, хашлага, шон үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Хоёрдогч түүхий эд буюу дахин боловсруулах хог хаягдалд архи, шар айргийн шил, лааз, хатуу хуванцрууд, хаягдал төмөр аккумлятор, зэс гууль, хөнгөн цагаан, хуванцар сав, гялгар уут зэрэг багтдаг. Аяныг зохион байгуулагчид айл өрх, албан байгуулллага, аж ахуйн нэгжүүдийг энэ аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

相关新闻