ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-28 15:38:31

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд 2023 онд хүргүүлсэн комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.  


ХЭҮК-ын гишүүд байгууллага, албан тушаалтан хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн зөрчлийг арилгуулахаар өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлсэн байна. Эдгээрийг агуулгаар нь харвал хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, жендэрийн эрхтэгш байдал, хүүхдийн эрх, хүүхдийн сурч боловсрох эрх, ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөлтэй холбоотой шаардлага, зөвлөмжийн хувь хамгийн өндөр байжээ.


Тухайлбал, Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаатай холбоотой гомдол, мэдээлэл иржээ. Уг гомдлын дагуу комиссын гишүүн шалгалт хийхэд сурагчид сургалтын агуулгыг бүрэн авч чаддаггүй, багш нар хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрүүлж, хичээл тасалдуулдаг гэсэн зөрчил илэрсэн байна. Мөн “Петрочайна Дачин Тамсаг компанийн албан хаагчдын зүгээс ажлын байрны дарамт учруулдаг гэх гомдол ирсэн байна.


ХЭҮК-т ирж байгаа гомдол мэдээллүүдийн ихэнх нь хөдөлмөрийн харилцаан дахь маргаан буюу цалин хөлсөө дутуу авсан, нэмэгдэл хөлс олгодоггүй, илүү цагаар ажиллуулдаг, удирдах албан тушаалтны зүгээс дарамтын шинжтэй үйлдлүүд гаргадаг, жендэрийн ялгаварлан гадуурхалт их байна гэсэн гомдлууд байдаг аж.


相关新闻