ЗАВХАН: 30 шахам жил явуулсан үржил-селекцийн үр дүнд завхан буурал үүлдэр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 24 суманд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх нарийн төлөвлөгөө гаргана. 2024 онд аймгийн хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Орон нутгийн төсвөөс нийлээд 1.9 тэрбум төгрөгийн зээл олгохоор баталсан байна.
Завхан аймаг фермерийн аж ахуйгаас гадна малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч байгаа төдийгүй онцгой үүлдрийн малыг өсгөн үржүүлэхэд анхаарч байна. Эдгээрээс завхан буурал ямааг онцолбол,
Ноолуурын, махны, ноолуур-махны хэвшил бүхий тус ямааг Завхан аймгийн Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Завханмандал зэрэг суманд голлон үржүүлдэг. Завхан аймгийн бүх сумын болон Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн хил залгаа сумын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.
Түүний дотор цөм сүргийн ямаа нь 273 000, цөмийн цөм болсон
94 000 ямаа Дөрвөлжин суманд байгаагаас 50 000 орчим нь үржлийнх юм.
1970 оноос
Завхан аймгийн хэмжээнд тулман хөхт ямааг илрүүлж, түүний тархалтын хүрээг
тогтоох ажлыг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион явуулсны үр дүнд Алдархаан, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Цэцэн-Уул сумын тулман
хөхт, цагаан болон улаан халтар, хар зүсмийн ямаан сүргийг 1971-1972
онд Дөрвөлжин сумын Цогт бригадад бөөгнүүлжээ. Улмаар 1988 онд ноолуурын ямааны улсын
үржлийн ферм байгуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм-шинжилгээ үйлдвэрлэлийн
ажил явуулсан байна. Ийнхүү тохиромжтой хэвшлийн ямааг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар
30 шахам жил явуулсан үржил-селекцийн ажлын үр дүнд Их нуурын хотгор орчмын болон хангайн
бүсэд зохицсон нарийн кашмер,
ноолуур, мах сүүний чиглэлийн “Завхан буурал” үүлдрийн ямаа бий болжээ.
Завхан
буурал үүлдрийн ямааны
онцлог
Завхан буурал
үүлдэр нь монгол үүлдрийн ямааны үндсэн шинж чанарыг хадгалсан, зонхилох зүс
хар, нүүр, дөрвөн хөл, хэвлий, бөгсөн биеэр нь улаан, цагаан судалтай
халтар. Заримдаа буурал
хошуутай, нурууны гол шугамаа дагасан хүрэн бор судалтай, ноолуурын зонхилох
өнгө цайвар саарал, голч нарийн, чанар сайтай. Үржлийн сүргийн эм ямааны 15-20 хувь нь тулман хөхтэй, хоногийн саам 500-1350 гр
хэлбэлздэг байна.
Завхан буурал үүлдрийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/24 дүгээр тушаалаар баталсан бөгөөд, завхан буурал үүлдрийн ямааны судалгаа, тодорхойлолтыг Монгол Улсын гавьяат мал зүйч Л.Лхаасүрэн, малын эмч Ж.Отгоолой, профессор доктор Л.Чой-Иш нар бичжээ.
Эдгээр малын эмч, судлаачдын өгүүлснээр,
цаашид завхан буурал үүлдрийг сүргийн
доторх жин ихтэй, ноолуурын гарц
ихтэй, хосолсон (жин- ноолуурын гарц эсвэл гарц-амьдын жин) шинж
бүхий малд түшиглэн ашиг шим, үржлийн чанараа цаашид сайжруулахад чиглэж
ажиллах нь зүйтэй хэмээжээ.