ЗАВХАН: Урд шөнө Отгон суманд -35 градус хүйтэн хоножээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутгийн хойд болон баруун, зүүн хэсгээр өнөөдөр салхи секундэд 13-15
метр, түр зуур секундэд 20 метрийг давж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин
хязгаарлагдана.
Зам даваанд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон
анхаарууллаа.
Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, нийт сумын нутгаар 3-25 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Яруу сумын нутгаар 25 см, хамгийн бага нь Ургамал сумын нутгаар 3 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө салхи ихэнх нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 2-12 метр, зарим газраар түр зуур секундэд 12-16 метр хүрч ширүүссэн. Хүчтэй салхины улмаас хохирол амсаагүй.
Температур өдөртөө -8-21 градус хүйтэн байлаа. Хамгийн дулаан нь Ургамал сумын нутгаар -8 градус хүйтэн байв. Шөнөдөө -12-35 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Отгон сумын нутгаар -35 градус хүйтэн хоносон гэж Завхан аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.
Ташрамд, 1969 оны нэгдүгээр сарын 27, 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52.9 градус хүрч хүйтэрч байсан байна.