Морин хуурын чуулгыг өргөжүүлж, 61 орон тоотой байхаар тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргав.
Засгийн газрын тогтоол гарснаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Үүнд, Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг энэ оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасан байна.
Морин хуур найрал хөгжим болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсэг шинэчлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтжээ.