ЗАВХАН: Аймгийн нийт хүн амын 40 хувь нь идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийдэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-31 15:49:12

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Тус аймаг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулж, давхардсан тоогоор 40 гаруй мянган хүнийг хамруулжээ.


Тухайлбал, хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлт суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх. Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээнд 30107 иргэнийг хамруулж 41.2 хувьтай байгаа нь улсын хэмжээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг 2023-2030 онд хэрэгжүүлэх юм.


Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд хэрхэн хэрэгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон нийтэд хүргэсэн талаарх мэдээллийг Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамир, спортын бодлого хариуцсан мэргэжилтэн С.Сарантуяагаас тодрууллаа.

 

-Завхан аймаг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн дүнгээрээ улсад дээгүүр байр эзэлжээ. Эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хэрхэн үр дүнтэй зохион байгуулав?

-Улс орон даяар зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт нийт хамрагдвал зохих хүн амаа бүрэн хамруулахыг зорьсон. Хүн амыг насны бүлгээр нь бүрэн хамруулахын тулд ажил олгогчид болон салбар дундын хамтын ажиллагааг ханган ажилласны үр дүн гарсан. Улсын хэмжээнд аймгуудын эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих хүн амаас 645 382 буюу 36.4 хувь нь хамрагдсан байна.


Хийсэн үзлэгийн хамрагдалт сайн таван аймгийн нэгээр Завхан аймаг эрэмбэлэгдсэн. Тусн аймгийн 30207 иргэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсан байна.

Тодруулж хэлбэл урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 17 хүртэлх насны 26115 хүн хамрагдах ёстойгоос 67.9 хувь, 18-аас дээш насны 47240 хүн хамрагдахаас 27.5 хувьтай хамрагдсан байна.


Аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хүртээмжтэй хийхээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг тохижуулж ажиллуулсан. Энэ төвөөр дамжуулан өнгөрсөн онд нийт 3450 хүнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна.

Үзлэгийн үр дүнд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг 63.6 хувь, бамбай булчирхайн эмгэг 25 хувь, бөөр шээс ялгаруулах тогтолцооны эмгэг 23,7 хувь, түрүү булчирхайн эмгэг 12,6 хувь, хөхний булчирхайн эмгэг 5 хувь, зүрх судасны тогтолцооны эмгэг 2.6 хувь, дотоод шүүрлийн эмгэг 1.5 хувьд оношлогдсон байна.

Хавдар төст үүсгэвэр 266 тохиолдол сэжиглэгдсэнээс өндгөвчний том хэмжээт үүсгэвэр 1, элэгний үүсгэвэрт өөрчлөлттэй 13, бөөрний голомтлог өөрчлөлттэй 4, уушгины голомтлог болон нэвчдэст өөрчлөлттэй 15, хөхний голомтот өөрчлөлттэй 31, бамбай булчирхайн 1 см-ээс дээш зангилаат өөрчлөлттэй 200, бамбай булчирхайн голомтот өөрчлөлттэй 210, элэгний голомтот өөрчлөлттэй 13 хүн илэрч 3-р шатлалын эмнэлэгт илгээсэн байна.


Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамралтыг авч үзвэл артерын гипертензи 19654 буюу 41.3, чихрийн шижин хэв шинж-2 илрүүлэг үзлэгт 14773 буюу 50,6, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 5435 буюу 39.4 хувийг, умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг үзлэгт 1485 иргэн буюу 33,3 хувийг хамруулж шинээр артерын гипертензи 221, чихрийн шижин 43, умайн хүзүүний өмөн 6, хөхний өмөн 4-ийг илрүүлсэн байна.


Ер нь ямарваа нэгэн өвчнийг эрт илрүүлж, оношлох нь маш чухал төдийгүй, иргэдийг жилд нэгээс хоёр удаа эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоонд орж байх дадал, сэдлийг өгсөн чухал ажил болсныг зориуд хэлмээр байна.


-Өнгөрсөн жил хиймэл оюун ухаан ашиглаж эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоог хийж байсан?

-Тийм ээ. "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэднийг зөв дадалд уриалах, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын оролцоотой хүн амын нийгмийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм.


Тиймээс Завхан аймаг өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн “CerviCare AI” хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх технологийг орон нутгийн хөгжлийн сангийн 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэвтрүүлсэн. Энэхүү технологийг нэвтрүүлснээр зорилтот бүлгийн 436 иргэнийг оношилгоонд хамруулж, 26 өөрчлөлттэй тохиолдлоос 16 тохиолдлыг лавлагаа шатлалд илгээн эмчилгээнд хамруулсан байна. Умайн хүзүүний эсийн шинжилгээнд 350 иргэн хамрагдсан.

Засгийн газрын хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн эрт илрүүлэг үзлэг оношилгоог эрчимжүүлэн ажиллах тухай үүрэг, чиглэлийг 24 сумын Засаг дарга нарт аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1/886 дугаар албан бичгээр хүргүүлэн ажилласан. Үүний үр дүнд хэрэгжилтийн хувь нэмэгдэж, 2024 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр улсын төсвөөс 500.0 сая төгрөгийг батлуулсан.


Түүнчлэн анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудад эрт илрүүлгийн хамрагдалтыг эрчимжүүлэх талаар цахим болон танхимын хоёр удаагийн сургалтыг зохион байгуулсан нь ч үр дүнгээ өгсөн байна.


-Аймгийн хэмжээнд иргэдийг эрүүл идэвхтэй хөдөлгөөнд уриалж аян өрнүүлсэн?

-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжих зорилтот хөтөлбөр, үйл ажиллагааг тусгай төлөвлөгөөний дагуу хийж байна. “Эрүүл идэвхтэй амьдрал”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хавдрын эсрэг”, “Харшлаас сэргийлэх”, “Эрүүл чийрэг эр хүн”, “Элэг бүтэн монгол”, "Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх", "Орчны эрүүл мэнд" гэх мэтчлэн үйл ажиллагаануудыг аймгийн хэмжээнд салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд иргэдийн оролцоо сайн байсан.  


Тухайлбал эрүүл идэвхтэй амьдрал үйл ажиллагааны хүрээнд "Эрүүл идэвхтэй амьдрал-2023" төлөвлөгөөг таван зорилтын хүрээнд 28 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж 90 хувьтай байна.

"Чадварлаг-эмч" үйл ажиллагааны хүрээнд "Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах" хоёр сарын аяны удирдамжийг аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа. Энэхүү аяны зардалд орон нутгийн хөгжлийн сангаас 8.0 сая төгрөгийн  дэмжлэгийг үзүүлж, шалгарсан байгууллагуудыг шагнаж урамшуулсан.


Аяны хүрээнд 17832 иргэнд эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхийн ач тус, хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл уншиж суръя, бага насны хүүхдийн хоол тэжээл сэдвүүдийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн 1960 иргэний биеийн жингийн индексийг тодорхойлж зөвлөгөө өгсөн байна.

Түүнчлэн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын эмчилгээний хоолны чанар, аюулгүй байдлыг сайжруулах аяныг зохион байгуулж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албатай хамтран мэдлэг олгох сургалтыг 27 эрүүл мэндийн байгууллагын тогооч нарт зориулан хийсэн.


Энэ үеэр тогооч нар эмчилгээний хоолны илчлэг тооцох аргачлал, хоолны цэс зохиох, технологийн карт боловсруулах, мөрдөх эрүүл ахуйн дадал, зонхилон тохиолдох өвчний үеийн эмнэлзүйн удирдамж зэрэг сэдвийн хүрээнд сургалт, мэдээллийг авсан.


-Аймгийн хэмжээнд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан зорилтот ажлууд үр дүнтэй болсон нь оролцогчдын тоо, идэвхээс харагдаж байсан?

-Тийм ээ. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" зорилтот ажлыг батлуулан хэрэгжилтийг хангаж байна. Энэ зорилтын хүрээнд “Амка dance” бүжгийн клуб, “Цогт фитнес” бялдаржуулах төв, “Амар амьдрал” ТББ, “Ахмадын хороо”-той хамтран ажиллаж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулъя, “Энэ жилдээ - Эрүүл жиндээ” аяныг өргөн хүрээтэй зохион байгуулсан.


Дээрх бүжгийн болон бялдаржуулах клубүүд, төрийн бус байгууллагуудын хамтын оролцоотой олон нийтэд зориулсан бүжиг, дасгал хөдөлгөөнийг зааж өгөх, эрүүл бие бялдартай болох хүсэл эрмэлзэлтэй иргэдийн оролцоо ч сайн байсан. Мөн эрүүл зохистой 4-5 төрлийн хоол, зутан, зуушны үзэсгэлэнг гаргаж, олон нийтийн сүлжээгээр түгээн ажилласан. Дээрх үйл ажиллагаануудад аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 15 мянга орчим иргэн оролцсон байна.


Түмэн” дасгалыг ажлын байран дээрээ хийж хэвшсэн байгууллага, иргэд 30 хувьтай байна. Сум бүрд явган аялал алхалт, идэвхтэй хөдөлгөөнийг хийж хэвшээд байгаа бөгөөд аймгийн хүн амын 40 хувь нь идэвхтэй хөдөлгөөнийг хийж хэвшээд байна. Цэцэрлэг, сургуулийн нийт суралцагчийн 85 хувь нь өдөр тутам дасгал хөдөлгөөн хийж байна.

Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо нэмэгдсэн гээд "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг Завхан аймаг дэмжиж үр дүнтэй хэрэгжүүлж байна. Бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодитой, хүртээмжтэй хүргэсэн хөтөлбөр, үйл ажиллагаанууд олон байна.

-Танд баярлалаа. 

相关新闻