СЭЛЭНГЭ: “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, бусад төлөөллийн хамт оролцож байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-31 13:52:08

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотноо болж буй “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон холбогдох албадын төлөөлөл оролцож байна. 


Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй энэхүү бодлогын  ойлголтыг нэгтгэх, санал дүгнэлтийг боловсруулах зорилгоор дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.


Энэхүү “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд эхнийх шат буюу төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байгаа юм.


Төвийн бүсийн оролцогчид:

- Бүсийн тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдаа

- Бүсийн холболтын дэд бүтэц, тээвэр ложистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо

- Бүсийн нийгмийн үйлчилгээ, ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд

- Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт-эрх зүй гэсэн 4 багц сэдвийн хүрээнд  байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцож байна.


Сэлэнгэ аймаг 2024 оныг "Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил" болгон зарласан юм.