Б.Жавхлан: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 хувьд нь өөрчлөлт орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар хуралдаанд танилцуулсан юм. Үнэт цаасны тухай анхны хууль нь иргэдэд өмчийн хуваарилалтыг оновчтой хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 1994 онд баталж, үүнээс хойш компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагааг амжилттай хийж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд үүсэж эхэлсэнтэй холбоотойгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 2002 онд, үүний дараа дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-аас гаргасан зарчим, зөвлөмжид тулгуурлан 2013 онд тус тус шинэчлэн баталсан аж.
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид төслийг хамтран боловсруулсан байна. Хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулахаар гол өөрчлөлтүүдийг тусгажээ. Хуулийн төслийг боловсруулах явцад ажлын хэсгийн хэлэлцүүлгийг 3 удаа, олон нийтийн хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулж, нийтдээ 300 гаруй санал холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчдаас бичгээр болон хэлэлцүүлгийн явцад ирсэн ба эдгээр саналын 90 орчим хувийг хүлээн авч хуулийн төсөлд тусгаснаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 30 хувьд өөрчлөлт орохоор байгааг Сангийн сайд хэллээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд төсөл дэх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэн улмаар татварын орлого нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтойг дурдсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд мэргэжлийн болон стратегийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чиглэлээр төсөлд ямар зохицуулалт тусгасан талаар, олон улсын төлбөр тооцооны стандартыг хангахтай холбоотой тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.