СҮХБААТАР: Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар сарын 20
/МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар зуд нүүрлэсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Комиссын гишүүд цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг
холбогдох байгууллагуудаас авч, мөн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
-Аймгийн аюулгүйн нөөцөд одоогоор 400 тонн, сумд 2000-7000 хүртэлх боодол өвсний нөөцтэй байна. Энэ
нь цаг хүндэрсэн өнөө үед хангалтгүй нөөц юм. Тиймээс
өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлнэ. Ингэхдээ
өвсийг 50 мянган боодлоор нэмнэ. Үүнд 700 орчим сая төгрөг шаардлагатай бөгөөд үүний 50 хувийг аймаг, үлдсэн хувийг сумд бүрдүүлнэ.
-Өнөөдрийн байдлаар 10
сумын зам хаалттай, цасанд боогдсон байдалтай байна. Үүний улмаас нүүрс татан
авах буюу
тээвэрлэлтийн ажил хүндэрсэн. Зарим төв суурин газрын халаалт доголдож, нүүрсний нөөцгүй болж эхэлсэн
байна. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан Олгой булаг компани 2000 тонн нүүрсийг аймагт хандивлахаар болжээ. Нүүрсийг уурхайгаас
аймаг руу татан авахад шаардлагатай 52 сая төгрөгийн зардлыг аймгийн Онцгой комиссоос гаргана.
Улмаар сум тус бүрд 100 тонн, Баруун-Урт сумын баг тус бүрт мөн 100
тонн нүүрс олгоно. Үүнийг сумд руугаа татах
зардлыг сумын Онцгой комисс өөрсдөө шийднэ. Нүүрсийг ААНБ, айл өрхөд хамгийн доод буюу хөнгөлөлттэй үнээр олгоно.
-Иргэн бүр нэгдсэн эмнэлгийг
зорин ирж үзүүлж, эмчлүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн алсын дуудлага өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар нэмэгдэж, ачаалал ихэсжээ. Гэвч машин техникийн хүрэлцээ муу байна. Эвдрэлийн
улмаас зогсонги байгаа хоёр машины эвдрэлийг засах, сэлбэг худалдан авах болон
шаардлагатай шатахууны дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг аймгийн Онцгой комисс шийдвэрлэнэ.
-Сүхбаатар, Баруун-Урт, Эрдэнэцагаан суманд отрын штаб байгуулах ажлыг судалж, ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.
Малчид малаа зах
зээлийн эргэлтэд оруулах, бойлох ажил их байна. Тиймээс энэ ажлыг нэгдсэн
зохион байгуулалтад оруулах, ингэхдээ малчид, иргэдэд хүндрэл үүсгэхгүй, махны ханшийг
унагахгүй байхад
анхаарч ажиллах зэрэг чиглэлийг аймгийн Онцгой комиссын дарга М.Идэрбат комиссын
гишүүд болон сумдын удирдлагуудад өглөө.
Мөн Онцгой комисс 10 хоног тутамд нэг удаа хуралдаж цаг үе, нөхцөл байдлын мэдээллээ солилцож байхаар болов.