СҮХБААТАР: Өвөрмонголын нэрт дуучин Эрдэнэ-Уул Чингис хаан музейд дууныхаа хөшөөг залжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Бидний мэдэх Өвөрмонголчууд хэзээнээсээ Монголын үүх түүх, өв соёл, ёс заншилдаа хайртай ард түмэн билээ. Үүнийгээ ч өөрсдийн өдөр тутмын амьдрал ахуйгаараа харуулж чадаж яваа. Үүний тод илэрхийлэл бол нэр дуучин Эрдэнэ-Уул. Тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ухай хотод амьдарч байна.
50 гаруй жил уран бүтээл туурвиж яваа түүний
урлагийн зам мөр арвин түүхтэй. Урлагийн хүний амьдралаа эхлээд удаагүй
байхдаа буюу 1979 онд Богд Чингис нэртэй дууныхаа
үг, аяыг өөрөө зохиож, өөрөө дуулж тэр нь Өвөрмонгол даяар хит болжээ. Гагцхүү
уг дуугаараа тэр олонд танигдсан гэхэд хилсдэхгүй. Хаа явсан газраа монгол үндэстнээ сурталчилж тэр дундаа эзэн Чингис хаанаа дээдлэн шүтэж, магтан дуулж явдаг нэгэн.
Эрдэнэ-Уул уг дууг зохиосон түүхээ хуваалцахдаа ихэд гуниглана. Учир нь ганц энэ дуутай холбогдох аз жаргалтай хийгээд хар бараан түүх түүний амьдралд их. Гэхдээ тэр сайхныг нь ярих дуртай аж. Шинэхэн, залуухан уран бүтээлч нэг шөнө урт сахалтай, цав цагаан хувцастай өвгөн зүүдэлж. Толгой дээр нь суучихаад түүнд ямар нэг зүйлийг захиад байх шиг байсан гэнэ.
“Би тухайн хүнийг Чингис хаан гэж боддог. Тэр хүүдээ өөрийг нь мартаж болохгүйг сануулсан байх. Тэгээд гэртээ ирээд шууд түүхч багштайгаа уулзаж, "Монголын нууц товчоо" номыг түүнээс аваад хэдэнтээ уншсан. Учир нь Чингис хаан гэж нэрийг мэдэх ч яг тэр хүний үүх түүхийг арвин мэдэхгүй. Тиймээс уншиж судалж байгаад нэг л өдөр шүлгээ биччихсэн. Хожим нь ая хийж дуу болгосон. Нэр алдар минь түмэнд түгэж би залуу насныхаа мөрөөдлийг биелүүлсэндээ сэтгэл хангалуун л явлаа. Гэтэл нэг л өдөр зөрчил үүсэж энэ бүхэн минь үгүй болж, амжилт бүхэн минь салхинд хийссэн. Ажил мэргэжлээ солих шийтгэл хүртэж, тэгж явахдаа амьд байхгүйн тухай ч бодож явлаа. Учир нь би тэгтлээ туйлдаж байсан. Харин өндөр настай ээж, өсөж яваа бяцхан үр хоёр минь муу бодлыг сарниулж намайг тэсэх ёстойг сануулсан даа. Ингээд тэссэн, зүтгэсэн муу цаг бүрийг даваад гарсан. Нэгэнт урлагтай холбогдсон хүн өөрийг үнэхээр хийж барамгүй юм билээ. Тэгээд л буцаад уран бүтээлдээ орж яг анхных шигээ дороос нь явсан даа. Яахав ард олны анхных нь хүндлэл байсан юм болохоор босоод л ирсэн хэмээн ярилаа.
Алтай
хангай газрын өндөр
Агт
морь минь эрдэнийг хүлэг
Агуу
төрийн эзэн Чингис
Алтан
дэлхийн тэнгэрийн хөвүүн
Эзэн
чингисийн гавъяа зүтгэл
Энэ
дэлхийд цуурайтна гэх гурван бадаг бүхий энэ дуу өдгөө Өвөрмонголчуудын найрын
ширээний ард заавал дуулагддаг дуу болжээ.
Богд Чингис дууныхаа хөшөөг Монгол Улсад залж хүслээ биелүүлжээ
Богд Чингис дууныхаа хөшөөг музейд залах хүслийг Эрдэнэ-Уул эртнээс тээжээ. Ингээд 500 кг жинтэй хаш чулууг онцгойлон захин авчруулж, мэргэжлийн бичээчээр чулуундаа үг, нотыг нь сийлүүлж Монгол Улсын Чингис хаан үндэсний музейд залахаар зориг шулуудаж. Гэвч энэ амаргүй. Харин сайн санаат хүмүүс түүнтэй таарч, хөшөөг залах бүхий л ажлыг нь гурван сарын хугацаанд базааж амжиж. Намрын дунд сарын шинийн 15 буюу 2023 оны 9 дүгээр сарын 29-нд тэрбээр бага хүүгийн хамтаар Монгол Улсад ирж, Чингис хааны музейд Богд Чингис дууныхаа чулуун хөшөөг залсан байна. Энэ бол түүний чинхүү хүсэл байсан бөгөөд Чингис хааныхаа өлгий нутагт нь, дэлхийд гайхагдсан музейд нь өөрийн хөшөөгөө залсандаа тун чиг баяртай байлаа.
Би Чингис хааны музейн тухай интернэтээс харж, сонсож байсан. Их сүрдэм сайхан
музей байна даа л гэж боддог байлаа. Миний дууны хөшөө тэр музейд залрах тухай
зүүдэлж ч явсангүй. Гэхдээ зөв явсны минь шагнал, зөвхөн Монголоо гэх сэтгэлийн
минь баталгаа бат илэрхийлэл ингэж л биелсэн. Энэ бол гайхамшиг. Хэдийгээр
дуугаа дуулж чадахгүй болсон ч надад одоо харамсах зүйл үгүй гээд инээмсэглэнэ.
Манай
улсад Чингис хаантай холбогдох дуу хэдэн арваараа бий. Гэхдээ яг хэчнээн нь
ингэж хөшөөнд мөнхрөөд дэлхий дахины анхаарлыг татсан нь энэ музейд заларсан
байдаг бол. Ийм зоригийг гаргасан хэчнээн уран бүтээлч байдаг бол. Харин үүнийг
Эрдэнэ-Уул хийж чаджээ.
Түүний Хятад нэрийг Ян Шан Бао гэх бөгөөд Ян багш гэж бусад нь авгайлна. Хайртай дуучнаа, хүндэт багшаа хайрлаж хүндлэх түмэн олон нь тойрон хүрээлсэн хэвээр. Биднийг уулзах үеэр Эрдэнэ-Уул гуай хоёр ч тоглолтод уригдав. Нэг нь түүний ажиллаж байсан Улаан мөчирийн ойд зориулсан задгай тоглолт бол өнөөх нь Ахмадын асрамжийн газрынханд зориулсан чөлөөт тоглолт байлаа. Аль аль тоглолтод үзэгчид түүнийг халуун дотноор угтан авах аж. Дуулна бас хөгжимдөнө. 74 настай гэхэд хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Дуун дээрээ ч, хөгжимдөхдөө ч өөрөө байнгын бүжээстэй. Тайзан дээрх яг л тэр агшин түүнийг жинхэнэ аз жаргатай болгодог аж. Эрдэнэ-Уул бүх төрлийн үлээвэр хөгжмийг тоглодог. Гэрт нь энэ төрлийн хөгжмийн зэмсэг бүгд бий.
Түүний
бас нэг авьяас нь уламжлалт эмийн жор найруулахдаа гаргууд. Үүндээ түшиглээд
Богд Чингис дуундаа зориулсан сархадыг бүтээжээ. Орц найрлага, жороос эхлээд
лонхыг нь хүртэл бүгдийг өөрөө зохиосон бөгөөд бүр албан ёсны патенттай.
Гэхдээ энэ сархад энгийн бусад сархадтай адил лангуу болгон дээр тавигдаад
зарагддаггүй. Улсын үйлдвэрт тусгайлан хийдэг уг сархдыг зөвхөн Чингис хааны
тахилгын үеэр ашигладаг. Дөрвөн өнгө нь алтан нар, хөх тэнгэр, гал, усыг
бэлгэджээ.
Ийм нэгэн гайхалтай авьяас билэгтэй, гагцхүү Монголоо гэх чин сэтгэлтэй ахмад уран бүээлчтэй уулзаж, түүний амьдрал уран бүтээлийн түүхээс сонсох боломж ийн тохиосон юм.