Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг өгсний дагуу байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй дөрвөн санал, төслийн зарим заалтаар дахин санал хураалт явуулсан байна. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслүүдийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар асуулт асуув. Тэрбээр аймаг, нийслэлийн ерөнхий архитектурын эрх үүргийг хариуцлагыг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр хэрэгжүүлнэ гэсэн заалт орсон байна. Энэ бол албан тушаалтан гарын үсэг зурдаг, хариуцлага хүлээдэг харилцаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, түүнд нийцүүлж газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан газар олгох, барилга барих зөвшөөрөл олгох зэрэг олон эрх үүргийг хэрэгжүүлдэг. Эрх үүргийг шилжүүлчихлээ, хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэлээ. Түүний асуултад хариулахдаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, архитектур болон хот төлөвлөгчийн эрх үүргийг ялгаж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний чиг үүргийг гадны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Тэрбээр манай улсад энэ чиг үүргийг хэрэгжүүлж чадах боловсон хүчний нөөц байхгүй гэлээ. Өмнө нь Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын тусламжтай боловсруулсан Улаанбаатар хотыг 2040 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжээгүй, шинээр боловсруулсан төлөвлөгөөний төслийг Засгийн газар хэлэлцээд гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул уг ажлыг гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ хэмээн нийслэлийн Засаг дарга хариулсан юм.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн үндэсний төвийн одоо эрхэлж байгаа тээврийн хэрэгслийн дугаар олгох үйлчилгээг хотын захиргаанд авчирснаар түүний орлогыг буруу зарцуулах асуудал үүсэхээс сэргийлэх шаардлагатай талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санал хэлсэн юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.