УИХ-ын зарим байнгын хорооны даргыг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгохоор тогтжээ. Байнгын хороод хуралдаанаараа байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй гэж үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хороодын саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулахад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Л.Энх-Амгаланг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон 40 гишүүний 60 хувь нь, П.Анужинг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь, Г.Тэмүүлэнг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Г.Ганболдыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Ц.Цэрэнпунцагийг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь тус тус дэмжсэн тул УИХ-ын холбогдох тогтоолын төслийг батлав.