ЗАВХАН: Шүүхийн 18 үйлчилгээг гар утсаараа уншуулж авах боломж бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Тус
аймаг дахь Шүүхийн Тамгын газар цахим шүүх үйлчилгээг нэвтрүүлжээ.
Шүүхийн тамгын газар нь шүүхтэй холбоотой мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлж 18 нэр төрлийн үйлчилгээг QR код уншуулж авах “Цахим шүүх” самбарыг үйлчилгээний хэсэгтээ байршууллаа.
Цахим шүүх самбараас иргэд өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг шуурхай
олж авах боломжтой юм. Мөн шүүхийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулж байгаа энэ
үйлчилгээ иргэдийн цагийг хэмнэнэ.
Түүнчлэн Монгол улсын бүх шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн онцлох шийдвэрийг иргэд, олон нийтэд зориулан энгийн, ойлгомжтойгоор хураангуйлж “Шүүхийн шийдвэрийн хураангуй” бэлтгэж хуульч, өмгөөлөгч, иргэд олон нийтэд тогтмол мэдээлж байгаа.
Иргэд гар утсандаа QR кодыг уншуулснаар шүүхийн
цахим хуудсанд нэвтрэх, шүүхийн шийдвэрийн хураангуйтай танилцах боломжтой юм
гэж Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлэв.