Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-16 16:26:34

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.


Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор хуульчилжээ. Дээрх зохицуулалтын дагуу УИХ-аас Д.Одбаярыг цэцийн гишүүнээр зургаан жилийн хугацаатай томилсон бөгөөд энэхүү хугацаа дуусгавар болсон тул Үндсэн хууль судлаач, доктор Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 18 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон. Тэрбээр шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой.


Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Э.Энхтуяаг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал болгосон байна. Нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан.


Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын дагуу О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал хүргүүлжээ. Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж буй. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар сонссоны дараа санал хураалт явуулахад, олонхоороо дэмжсэн юм. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав.


相关新闻