ЗАВХАН: Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдийн хөгжлийн стратегитай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-09 15:35:44

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.


Манай байгууллагаас хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг өнгөрсөн сарын 26-наас 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хойд бүсийн сумдад үзүүлсэн.


Яруу, Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино, Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг зэрэг 10 суманд ажилласан. Эдгээр сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийт 246 багшид хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн сайн туршлага болох хүүхдийн хөгжлийн давуу чанарын судалгааны арга зүйн сургалтыг зохион байгуулсан юм.


Сургалтын үеэр сургуулийн захирлууд ажлын баг байгуулж, хүүхдүүдээс судалгаа авч, нэгтгэн дүгнэсэн юм. Энэ судалгааны үр дүнд үндэслэж сургуулийнхаа хүүхдийн хөгжлийн стратегийг боловсруулан ажиллаж байна.


Түүнчлэн урд бүсийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын сургуулиуд мөн сургуулийн хүүхдүүдийнхээ хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө хийж эхэлж байна. 



Цаашид аймгийн 24 сумын 32 сургууль хүүхдийн хөгжлийн стратегитэй болох юм.


Хүүхдийн хөгжлийн давуу чанарыг судалснаар тэдний найз нөхөд, гэр бүл, сургууль, олон нийтийн зүгээс үзүүлдэг төрөл бүрийн дэмжлэг, давуу тал хэр зэрэг байдаг талаарх мэдээлэлтэй болно.


Өөрөөр хэлбэл хүүхэд бүрийн хөгжлийн давуу чанарыг тодорхойлж энэ үзүүлэлтэд тулгуурласан бодлого төлөвлөлтөө хийх, хэрэгжүүлж, үр дүнд хүрэх зорилготой юм гэж Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Долгормаа мэдээлэв. 

相关新闻