ЗАВХАН: Хуулиар зарим нэр төрлийн барааг НӨАТ-аас чөлөөлсөн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-07 16:57:48

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Татварын хэлтэс цахим хуудас болон утсаар иргэдэд зөвлөгөө мэдээллийг өдөр бүр өгдөг.


Тухайлбал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, ялангуяа томоохон зах худалдааны төвийн бизнес эрхлэгчид и-баримт өгдөггүй. Зарим нэгэн бараа бүтээгдэхүүнд и-баримт өгдөггүй гэх буруу ойлголттой байдаг учраас НӨАТ-ын тухай тодруулга мэдээллийг хүргэж байна.


НӨАТ нь төсвийн орлогын бүрдүүлдэг, хамгийн тогтвортой татвар юм. Анх Франц Улсад анх нэвтэрсэн энэ татвар нь өдгөө дэлхий 176 оронд хэрэгжиж байна.


Тухайлбал Унгар Улс 27 хувь буюу хамгийн өндөр НӨАТ-тай бол дэлхийн дундаж 15,5 хувь байдаг аж.

Харин Монгол Улсын хувьд 10 хувиас 2 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгосноор 8 хувьтай байдаг. Манай улсад 1998 оноос 13 хувиар энэ татварыг хурааж эхэлсэн бөгөөд 2007 онд 10 хувь болгож бууруулсан. Урамшууллын тогтолцоог 2016 оноос нэвтрүүлсэн байна.  


Иргэд НӨАТ-аа буцааж авдаггүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь албан татварын нэг төрөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5.”албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ” гэж заасан байдаг.


Харин 2016 оноос далд эдийн засгийг бууруулах, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хоёр төрлийн урамшууллыг бий болгосон. Түүний нэг нь НӨАТ төлөгчөөс худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, 2 хувьтай тэнцэх урамшуулал авдаг.

Мөн иргэдийн зарим бараа бүтээгдэхүүнд и-баримт олгодоггүй гэх асуултад хариулахад,


Талх, сүү зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг тул урамшууллын буцаан олголт бодогддоггүй. Хуулиар тодорхой бараа, ажил үйлчилгээг бодлогоор дэмжих зорилгоор НӨАТ-аас чөлөөлсөн байдаг. Одоогоор 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлжээ.


Жишээлбэл эмнэлгийн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг. Эдгээр татвар төлөгчдөөс иргэд сугалааны дугаартай төлбөрийн баримтаа авч сугалаанд оролцох л боломжтой юм.  


НӨАТ-ын урамшууллын буцаан олголт авдаг иргэдийн 69 хувь нь улиралд дунджаар 50 000 төгрөгийн буцаан олголт авдаг бол 21 хувь нь 50-100 мянган төгрөг, 11 хувь нь 100 -500 мянган төгрөг.  Харин 0.6 хувь нь 500 мянгаас 2 сая төгрөг, 0.2 хувь нь 2 саяас дээш төгрөгийн буцаан олголтыг авдаг.


Харин буцаан олголтод зарцуулж байгаа нийт мөнгөний 52 хувь нь 100 мянган төгрөөс дээш урамшуулал авдаг нийт иргэн буюу 12 хувьд очдог. Иргэн, аж ахуйн нэгж орлого олоод орлогын татвар, хөрөнгө эзэмшдэг бол хөрөнгийн татвар, хэрэглээний татвар буюу НӨАТ-аас гадна архи, тамхины хэрэглээндээ Онцгой албан татвар төлдөг.


Хэрэглээний татвар нь иргэн хэдийчинээ хэрэглэнэ төдийчинээ өндөр ногддог гэсэн үг. Тиймээс өндөр хэрэглээтэй иргэн илүү их татвар төлдөг нь татварын зохицуулах, нийгмийн баялгийг дахин хуваарилах давхар ач холбогдолтой байдаг гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв. 


相关新闻