ЗАВХАН: Таримал тэжээлийг өмнөх оноос 8952 тонноор илүү хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Тус аймаг
энэ жил 6517.1 га-д таримал тэжээл тариалж, 13720 тонн тэжээл хураан авчээ.
Аймгийн 20 сум таримал тэжээл тариалж амжилттай ургац хураан авснаар өнгөрсөн оноос 8952 тонноор илүү тэжээлийг хураан авчээ. 2022 онд тус аймгийн 18 сум 3603 га-д тариалалт хийж, 4768.1 тонн тэжээлийг хураан авсан байна.
Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг
дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр
санхүүжүүлж байгаа аж.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт одоогоор Эргэлтийн хөрөнгийн зээлийг 1203 аж ахуйн нэгж, иргэнд 110 тэрбум, Хөрөнгө оруулалтын зээлийг 175 аж ахуйн нэгж, иргэнд 65 тэрбум төгрөгийг тус тус олгоод байна.
“Хүнсний хангамж,
аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн
хүүтэй, таван жилийн хугацаатай, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10
банкаар дамжуулан олгож байна.
/Эх сурвалж: ХХААХҮЯ/
Завхан аймгийн тухайд ХААН банкнаас газар тариалангийн чиглэлээр нийт 29 иргэн аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна.
Ташрамд, хөдөө
аж ахуйг дэмжих сан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн
чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж,
зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн
засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Тус сан нь жил бүр тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодисууд, бордоо, үрийн буудай зэргийг 0-30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олгодог байна.
Газар тариалангийн салбарт олгож буй эдгээр хөнгөлөлттэй зээл нь тус
салбарыг хөгжүүлэхэд ялангуяа
орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд том түлхэц болж
байна. Жилд тариалдаг байсан га талбайн хэмжээг нэмэх, усалгаа болон газар
тариалангийн чухал техник тоног төхөөрөмжүүдтэй болох гэхчлэн га гаас авах
ургац нэмэгдэж буй нь сайшаалтай.
Өнгөрсөн хавар сангаас хөнгөлөлттэй зээл авснаар газар тариалан эрхлэгчид энэ жил га-гаас авах ургацын хэмжээгээ нэмж, таримал тэжээл гэхэд өнгөрсөн оноос хоёр дахин их ургацыг хураан авсан байна. Аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо, ургац хураалтын ажил 90 гаруй хувьтай, эцсийн дүн гараагүй байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 3-5 жилийн хугацаатай, жилийн 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
Мөн
жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн
орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг
НӨАТ-аас чөлөөлсөн.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.