Монголын өв соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Бангкок хотноо нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд мэргэжлийн гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын элч Жатенипат Кетпрадит болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Бангкок хотноо “People and Their World”: Tsam-the Dance of Gods үзэсгэлэнг River City Bangkok үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-ний өдөр нээлээ.
Тус үзэсгэлэнгээр дамжуулан Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар сурталчилж буй юм.
Энэхүү үзэсгэлэнийн үеэр цам харайлгахаас гадна Амарбаясгалант хийдийг сурталчлах, цамын баг, хувцас, монгол ахуй, өв соёлыг харуулсан гэрэл зураг, баримтат киног ирэх 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл үзүүлнэ гэж Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам мэдээлэв.
Ташрамд дурдахад, Жатенипат Кетпрадит нь “Photographer of the Year at One Eyeland Awards 2021”, “International Portrait photographer of the year 2021” зэрэг шагнал тус тус хүртэж байсан Тайландын алдартай гэрэл зурагчин юм.