Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх хяналтын сонсголыг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлжээ. Тогтоолд Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг энэ сарын 25-нд зохион байгуулахаар, сонсголыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 90 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” байнгын хорооны тогтоолыг баталлаа.