2023 оны зун түүхэн дэх хамгийн халуун зун болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АМСТЕРДАМ. /Reuters/. 2023 оны зун түүхэн дэх хамгийн халуун зун болсон тухай Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлтийг судлах төвөөс лхагва гарагт мэдээлэв.
Тодруулбал, 6-8 дугаар сар хүртэлх гурван сарын агаарын температур нь өмнөх дээд үзүүлэлтүүдийг давж, дундаж температур цельсийн 16.8 хэм байсан нь олон жилийн дунджаас 0.66 хэмээр илүү байжээ. Түүнчлэн өнгөрсөн сар дэлхий даяар түүхэн дэх хамгийн халуун наймдугаар сар болсноор зургаа, долоо гээд гурван сар дараалан хамгийн халуун сарууд тохиожээ. Тухайлбал, наймдугаар сард аж үйлдвэржилтийн өмнөх үеийн буюу 1850-1900 оны дунджаас 1.5 хэмээр илүү халуун байв. Дэлхийн агаарын хэмийн өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих нь 2015 онд дэлхийн 196 орны баталсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийн гол зорилт юм.
2023 оны долоодугаар
сар урьд хожид бүртгэгдэж байгаагүй
хамгийн халуун сар хэвээр байгаа бол наймдугаар сарын дээд
үзүүлэлтээс үзэхэд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст 1940 оноос агаарын температурын мэдээллийн эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн
халуун сар болж байна.
“Дэлхийн
температурын дээд үзүүлэлтүүд
2023 онд шинэчлэгдсээр байна. Шинжлэх
ухааны нотолгоо асар их байна, бид
хүлэмжийн хийг ялгаруулахаа болих хүртлээ нийгэм, экосистемд сөргөөр нөлөөлөх гамшигт үзэгдлүүдтэй тулгарсаар байх болно” гэж Уур амьсгалын өөрчлөлт
судлалын газрын орлогч дарга Саманта Бержесс ярилаа.
Европ тивд гэхэд, наймдугаар сард төв Европ болон Скандинавын хойгийн ихэнх хэсэгт ердийнхөөс илүү хур тунадас унаж, үерийн гамшиг нүүрлэсэн бол Франц, Грек, Итали, Португалид ган гачиг болж, ой хээрийн түймэр гарсан байна. Наймдугаар сард Австрали, Өмнөд Америкийн хэд хэдэн улс, Антарктидын ихэнх хэсэгт дунджаас дээш хэмжээнд хүрч халсныг тайланд дурджээ. Үүний зэрэгцээ далайн гадаргуугийн дулааны хэм түүхэнд байгаагүйгээр өссөн байна. 2023 он дуусахад дөрвөн сар үлдээд байгаа энэ үед дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил хоёрдахь удаагаа тохиолоо.