Говь-Алтай: Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийг цахимаар бүртгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэл цахимаар явагдах тухай Говь-Алтай аймгийн БШУГ-аас мэдээлэв.
Цахим бүртгэлийг өмнөх хичээлийн жилд туршилтаар хийж байсан бол энэ хичээлийн жилд бүрэн цахимаар явах аж. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн БШУГ-ын даргын тушаалын дагуу Говь-Алтай аймгийн төв тодруулбал Есөнбулаг сумын нийт тойргийн хамран сургалт эцэслэн гарсан байна. Есөнбулаг сумын хөдөөгийн баг болох Наран, Рашаант багийн өрхийн хүүхдүүд гуравдугаар сургуульд хамрагдахаар энэхүү тушаалд толорхой заажээ. Хамран сургалтын тойрог гаргаж байгаа нь сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор Боловсролын тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.
Бүртгэл
наймдугаар сарын 16-наас эхлэх бөгөөд и-монголиа системд бүртгэлтэй байгаа
мэдээллийг үндэслэн тойргийн сургуульдаа хамрагдах юм. Ингэхдээ эцэг эхчүүд оршин
сууга хаягаа баталжуулсаар ямар тойргийн сургуульд хүүхэд тань хамрагдах тухай
гарч ирснээр тус сургуульд оруулах, эс оруулахаа шийдэх ажээ. Хэрвээ харьяа
тойргийн сургуульд оруулахгүй гэвэл сургуульдаа очин бүртгэл мэдээллийн комисст
хандан шилжих эсвэл аравдугаар сарын 1-нээс цахимаар шилжилт хөдөлгөөн хийх
боломжтой тухай холбогдох албанаас мэдээлэв.
Бусад сумдын
сургуульд бүртгэл хийлгэхээр бол заавал цахимаар бус эцэг эхчүүд харьяа
сургууль дээрээ биечлэн очиж бүртгэлээ хийлгэх боломжтой юм.