ЗАВХАН: Ууган сургуулийг 70 мянга гаруй суралцагч төгсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-25 14:24:18

Улиастай/МОНЦАМЭ/. Монгол улсын ууган сургуулиудын нэг, Чандмань-эрдэнэ үндэсний лаборатори 1-р сургуулийн 100 жилийн ой болж байна.

Монгол Улсын шинэ цагийн боловсролын эхлэлийг тавилцсан ууган сургуулиудын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр энэ сарын 24, 25-ны өдрүүдэд тохиож байна.

Тус сургуулийн 100 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа болж, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ойн баярын үйл ажиллагаанд тус сургуулийн ахмад, багш, ажилтнууд, сургуулийн үе үеийн төгсөгчид, өдгөө тус сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, суралцагчид гээд 1500 гаруй хүн оролцлоо.


100 жилийн хугацаанд тус сургуулийн дөрвөөс 12, лицей ангийг нийт 70 мянга гаруй суралцагч өдөр, орой, эчнээгээр төгсжээ. Зөвхөн сүүлийн 20 жилд гэхэд 3100 гаруй суралцагч бүрэн дунд боловсрол эзэмшиж, амьдралын замд хөл тавьсан байна.

Харин шинэ зууны босгон дээр тус сургууль 1567 суралцагч, 103 багш ажилтантай сургалтын үйл ажиллагаа явуулж туулж ирсэн түүхэн замнал, гавьяа алдрыг өвлөн шинэ ололт амжилтаар баяжуулан нэгдмэл зорилго өвөртлөн нэгэн сэтгэлээр ажиллаж байна.


2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд бүрийн сурч хөгжих, эрүүл зөв амьдрах дадал үйлийг дэмжих. Суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгаж, суралцах тэгш боломжийг бүрдүүлэн, хичээл сургалтын үйл ажиллагаанд бүх талын хамтын оролцоог дэмжих.

Багш ажилтны ёс зүй, өөрийн удирдлагатай суралцахуй, багшлахуйг эрхэмлэн хөгжүүлэх замаар сургалт, үйл ажиллагааны чанарт ахиц гаргана гэсэн зорилгын хүрээнд багшийн хөгжлийг дэмжиж ажиллалаа.

Ингэхдээ багш нарын  ажлын үр дүн гүйцэтгэлд суурилсан, уян хатан, сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр  олон хэлбэрийн сургалт үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан гэж Улсын тэргүүний лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Н.Дэлгэрмаа мэдээлэв.

Сургуулийн сүүлийн жилүүдийн амжилтуудаас дурдбал,


2011 онд “Аймгийн ТОП сургууль”

2012 онд “Улсын ТОП 20 сургуулийн нэг”

2013-2017 онд таван жил дараалан “Аймгийн тэргүүний сургууль”, “Аймгийн шилдэг үнэлгээтэй сургууль”

2016 онд “Хүүхдийн төлөө шилдэг байгууллага”

2018 онд МХСН-ээс “Хамгийн олон илтгэл хэлэлцүүлсэн сургууль”

2022 онд аймгийн “Шилдэг менежменттэй сургууль”

2022, 2023 онд “Ардын урлагийг түгээн дэлгэрүүлэгч шилдэг сургууль”-аар тус тус шалгаран түүхт ойдоо  бэлэг барьсан байна. Түүнчлэн энэ жил 100 бүтээлч ажлыг төлөвлөн хийж, анги танхимууд болон, гадна дотор орчноо тохижуулж, суралцагчдынхаа аюулгүй таатай орчныг бүрдүүлжээ.  

Ташрамд тус сургуулиас эрдэмтэн доктор, улс төрийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсан байдаг.

Тухайлбал Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан, богино өгүүллэгийн мастер Л.Ванган нарын төрийн шагналтан 15, Б.Элдэв-Очир, Г.Жалан-аажав нарын 20 гаруй төр нийгмийн зүтгэлтэн, 110 гаруй Монгол улсын гавьяат багш, Нобелийн Энх тайвны шагналт Д.Эрдэнэцогт, Х.Отгонбилэг, Р.Маабазар нарын 220 гаруй доктор профессорууд төрөн гарчээ. 

相关新闻