БАЯНХОНГОР: Сумын заан Т.Баттогтох аймгийн арслан цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Баянхонгор аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо.
Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаан энэ сарын 11-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд аймаг, сумын алдар цолтой 128 бөх зүлэг ногоон дэвжээнээ хүчийг үзэн барилдсан. Барилдаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Төмөрбаатарын Баттогтох түрүүлэн аймгийн арслан цол хүртэж, Баацагаан сумын харьяат аймгийн арслан Бямбаагийн Түвшинтөгс үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Богд сумын харьяат аймгийн заан Энх-Амгалангийн Өлзийбаяр, Гурванбулаг сумын харьяат сумын заан Батболдын Баасандорж нар шалгарав. Сумын заан Б.Баасандорж бөхийн барилдааны тавын даваанд Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн арслан Т.Эрболатыг давж аймгийн начин цол хүртсэн юм.