ТӨВ: Ц.Оюунсүх: Хосын харилцааны хамгийн чухал нь нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд “Bridge
construction”-ийн ерөнхий нягтлан
бодогч А.Намсрайдорж, түүний гэргий Ц.Оюунсүхтэй ярилцлаа.
Сайн байна уу. Намайг Ард овогтой Намсрайдорж гэдэг. “Bridge construction”-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний гэргийг Цогтбаяр овогтой Оюунсүх гэдэг. Бидний том хүүг Ашидбилиг, охиныг минь Гэгээлэн гэдэг.
Ам бүл дөрвүүлээ амьдардаг.
-Анх танилцаж байсан түүхээсээ хуваалцвал?
-А.Н: Фэйсбүүкийн видео дуудлагаар найзын найзууд гээд охид ярьж байхад нь нэгдэн
орж танилцаж байсан.
Ц.О: Хамгийн анх 2018 онд фэйсбүүкээр нэг танихгүй залуу байнга, уйгагүй зурвас илгээдэг байсан. Би ч эхэндээ ерөөсөө хариу өгдөггүй байсан. Анх ямар сонин залуу вэ гэж боддог байсан. 2019 онд нэг найз охин маань найз залуугийнх нь найз ёстой сайн залуу байдаг. Намка гэдэг гээд л ярьсан нэг л танил нэр сонсогдоод болдоггүй. Тэгээд нэг өдөр нөгөө найзыг нь оролцуулаад фэйсбүүкээр видео дуудлага хийхэд нөгөө танил залуу маань байж таарсан. Гэхдээ миний анх бодож байснаас шал өөр хүн байж таараад найз болоод найз залуу, одоо миний хань болсон байна.
-Анхны хүүхэдтэй болсон мэдрэмж?
-А.Н: Анхны хүүхдээ өлгийдөн авахад үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж
байсан. Хүүгээ хорвоод мэндлэх үед гадаа гараад орилоод гүймээр тийм л цээжинд
багтамгүй догдлол дүүрэн мэдрэмж төрж байсан.
Ц.О: Бид хоёрын хувьд гэр бүл зохиогоод хүүхэдтэй болохдоо хоёулаа бэлэн, сэтгэлзүй болон санхүү гээд бүхий л талаараа бэлтгэлтэй байсан. Ийм ч болохоор хүүхдээ хүсэж мөрөөдөж байсан гэж хэлж болно. Би гэдэг хүн ойр ойрхон шалгаж үздэг. Нэг л өдөр 2 зураас хараад маш их догдлол баяр баясал болж байсан. Их л удаан тэврэлдэж уйлж зогссон санагдаж байна.
-Харилцаан дахь зөрчлийг яаж даван туулдаг вэ?
-А.Н: Муудалцах үе байдаг, тэр үед түр гадаа гарч тайвширч, эргэцүүлж бодчихоод буцаж орж ирж аргаддаг. Зөрчил үүсвэл аль болох зөөлөн дуугаар сонсож ярилцдаг.
Ц.О: Одоо ч даван туулахад суралцаж байна. Учир нь би асуудлыг тэр дор нь
шийдэх гэдэг яаруу хүн, харин манай хүн эхлээд өөрөө тайвшраад бодоод, дараа нь
аажуу ярилцахыг хүсдэг болохоор эхэндээ ойлголцохгүй зөрчилдөөд байдаг байсан. Одоо
харин нэгнийхээ онцлогийг мэдэж эхэлсэн болохоор би орон зайг нь олгоод өөрөө өөртөө
тайвшрах боломж олгох тал дээр суралцаж байгаа. Хүн өөрийнхөө сурсан занг шууд
засаж чаддаггүй юм билээ. Бас хүн уурандаа хэлэхийг хүсээгүй үгээ хэлж, хийхийг
хүсээгүй үйлдлээ хийдэг юм билээ. Жишээлбэл, Маргаан үүсэх үед бухимдсандаа
хэлмээр байгаа үгээ хэлчихдэг. Харин нөхрийн маань хувьд надад муухай үг хэлж,
муухай үйлдэл гаргахгүйн тулд түр гарч байгааг би асуудлаас зугтлаа гээд бүр л
стресстдэг байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бага багаар ойлгож, ойлголцож
эхэлсэн. Ер нь нөхөр инээгээд, аргадаад үнсчихэд л тэнгэр цэлмэж байгаа мэт л
болдог шүү. Хосын харилцаанд ялна, ялагдана гэдэг өөрөө байж болохгүй асуудал
шиг санагддаг болсон.
-Хосуудын харилцаанд юу чухал гэж боддог вэ?
-А.Н: Бие биенээ ойлгох, хүндлэх нь хамгийн чухал
Ц.О: Хосын харилцааны хамгийн чухал нь нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж
үзэх. Би...би л гээд зүтгээд байвал хос биш ганц хүний л амьдрал болно шүү дээ. Иймд нөгөө хүнээ ойлгох гэж хичээх, оролдох хэрэгтэй. Ойлгохыг хичээнэ гэдэг нь
хайрлаж байгаагийн нэг хэлбэр гэж боддог. Би өдөржин хүүхдүүдээ хараад ядарч
байхад нөхөр ажлаасаа ирээд надад туслах, нөхрийгөө өдөржин ажиллаад ядраад
ирэхэд нь боломжоороо хоол цайг нь бэлдээд тавьчихсан байх ч юм уу ингэж л бие
биенээ ойлгох нь л бүхний үндэс юм байна
гэдгийг бид 2 саяхан л ойлгосон.
-Хүүхэдтэй болохоос өмнөх ба дараа нь амьдрал тань хэр
өөрчлөгдсөн бэ?
-А.Н: Хайрлах хүн нэгээр нэмэгдсэн, дахиад ч нэмэгдсэн амьдралыг мэдрэх аз
жаргалууд нэмэгдээд л байна. Бүр их л гэр амьтай болдог юм байна.
Ц.О: Хүүхэдтэй болохоосоо өмнө би өөрийнхөө төлөө л амьдардаг байсан. Өглөө босоод л би юу идэх билээ гэж боддог байсан бол одоо хүүхдэдээ юу идүүлэх билээ гэж бодож сэрдэг болсон байна.
-Хүүхэдтэй болсны дараа хувь хүний зан байдалд тань
өөрчлөлт гарсан уу?
-А.Н: Хувь хүн гэх үзэл маань багасдаг юм байна билээ. Гэр бүлээ гэх үзэл л
илүү их болдог
Ц.О: Хүүхэдтэй болсноос хойш илүү өр зөөлөн болсон. Хүүхдүүд нялх хэдэн жил
бүтэн нойргүй яваад, гэртээ суугаад нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж аваад
ирэхээрээ их стрэссдээд байдаг юм билээ. Энэ стрессийг нөхөр л сайн ойлгож
хүүхдүүдээ хараад эхнэрээ гаргадаг, унтуулж амраадаг, хааяадаа цэцэг
бэлэглэчихдэг, цаг зав гаргаад ярилцчихдаг байхад л бид чинь болчихдог
-Сайн нөхөр бас эхнэр байх хамгийн чухал зүйлсээс
нэрлэвэл?
-А.Н: Гэр бүлээ гэх сэтгэл, халамж, хүндлэл, хүүхдүүдээ болон гэр орноо хариуцлагатай
авч явдаг хүнийг сайн эр нөхөр гэх байх гэж бодож байна.
Ц.О: Гэр бүлээ ямагт нэгдүгээрт тавьдаг, гэр бүлдээ хариуцлагатай ханддаг, үнэнч
шударга байдал, хандлага зөв байх нь сайн эхнэрийн шинж юм болов уу гэж бодож
байна.
-Хамгийн их баярлуулж бахархах мэдрэмж төрж байсан үеэ
хуваалцвал? Ер нь ямар үед эхнэр /нөхрөөрөө/ бахархдаг вэ?
-А.Н: Жаргалтай, тайван байхыг нь харах дуртай байнга хүнийг баярлуулах гээд
байдагт нь, халамж хайраар болон их тэвчээр гаргадаг байдлаар нь маш их
бахархдаг
Ц.О: Би аавын эрх охин, ээж болсон ч аавдаа эрхэлсээр л байсан. Аавын эрх охиныг аав нь охиноо эрхлүүлж байгаа юм шиг эрхлүүлж хайрладагт нь баярладаг. Аав минь бурхан болоход “Би чамайгаа илүү их хайрлана” гэхэд нь маш их баярлаж байсан. Аавыг минь санагдуулдаг бахархмаар хүн.
-Гэр бүлдээ цагийг хэрхэн төлөвлөдөг вэ?
-Ц.О: Би бол 100 хувь гэр бүлдээ цаг зарцуулж байгаа. Хүүхдүүд маань нялх байна. Энэ үед нь л ээж, аав нь маш сайн анхаарвал хүүхэд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд эрүүл хүн болж өснө. Амьдралын хамгийн том зорилго бол эрүүл гэр бүл гэж би боддог. Нөхөр маань ажлаа хийж гэр бүлээ санхүүгийн хувьд авч явж байгаа учраас би арын албыг 100 хувь хариуцаж байгаа. Аль аль нь боломжоороо л гэр бүлдээ цаг зарцуулж байхыг хичээдэг болсон.
-Шинэхэн гэр бүл болж буй хосууддаа хандаад?
Бид өөрсдөө суралцаж яваа хосууд учраас бусдад зөвлөгөө хэлэх нь утгагүй
зүйл байх. Гэхдээ уурласан үедээ хүн эрүүлээр сэтгэдэггүй юм байна лээ уурандаа
юу ч битгий хийгээрэй л гэж хүсмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.