ТӨВ: Номын баяр энэ сарын 8-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-05 20:34:29

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймаг үндэсний "Номын баяр-2023" үйл ажиллагааг энэ сарын 8-ны өдөр Мөнх-Алдарын талбайд зохион байгуулна. Энэ өдөр үлгэрээр хүмүүжүүлье “Кино өдөр”-ийг Монголын болон дэлхийн сонгодог үлгэр, зохиолоор бага насныханд зориулж үзүүлэх, уншлага зохион байгуулна.


Мөн Шидэт ном бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлийн үзэсгэлэн, “Босоо бичиг-Бидний бахархал” сэдэвт номын үзэсгэлэн, шинэ номын худалдаа, Шилдэг, идэвхтэн сурагч уншигчдыг Д.Нацагдорж тэмдэгтнээр шагнаж урамшуулах, ковер дуу, бий биелгээ хийх, жүжигчилсэн тоглолт, уран уншлага, “20 номын хожил” асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулах юм.

Харин 18-ны өдөр зохиолч уншигчдын уулзалт, 19-ний өдөр Зүүндэлгэр 4 дүгээр багт номын булан байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ.

 

Үндэсний номын баярыг энэ жил 33 дахь удаагаа зохион байгуулаад уламжлал болж байна. Энэхүү баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

相关新闻