Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланг олон улсын аудитын байгууллага хянаад, зөрчилгүй гэж дүгнэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны өнгөрсөн оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт болон мөн оны үйл ажиллагааны тайлантай холбоотой танилцуулгыг хийсэн байна.
Тодруулбал, Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна. 2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Хөгжлийн банк нь энэ оны аравдугаар сарын 23-нд төлөх 500.0 сая ам.долларын бонд болон арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30.0 тэрбум иенийн Самурай бонд, нийт 723.0 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх үүрэгтэй юм.
Дээрх танилцуулгыг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.