"Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-04-19 18:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон сан болон Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон хүүхэлдэйн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээгдлээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, олон хүн үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Японы талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хүүхэд байхаасаа хүүхэлдэй сонирхон цуглуулж ирсэн бөгөөд япон хүүхэлдэй гоёмсог, уран хийцээрээ ялгардаг. Япон хүүхэлдэйн үзэсгэлэнг ийнхүү зохион байгуулж байгаад баяртай байна хэмээлээ.

Тус музейн захирал П.Байгалмаа үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлэхдээ, “Дүрслэх урлагийн музей маань 1991 оноос эхэлсэн манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны уламжлалыг Монголын ард түмэнд сурталчлан таниулах гүүр болж, олон үзэсгэлэн, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн нүүдлийн үзэсгэлэн Мьянмар улсаас Монгол Улсад 3 дугаар сарын 31-нд хүрэлцэн ирсэн бөгөөд 21 хоногийн хугацаанд үзэгчдийн мэлмийг мялаах болно. Япон үндэсний хүүхэлдэйн урлалын түүх болон хүүхэлдэйн урлалаар дамжуулан Японы ард түмний түүх, угсаатны зүй, зан заншил, өв уламжлалыг танилцуулж, сурталчлаад, дараагийн улс руу аяллаа үргэлжлүүлэх юм. Цаашид хоёр улсын түүх, соёл урлаг, зан заншил, өв соёлоо харилцан түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад манай музейн хамт олон нээлттэй байх болно” гэв.


2020 оны 8 дугаар сараас эхлэн дэлхийн 28 оронд зохион байгуулсан нүүдлийн энэхүү үзэсгэлэн очсон газар бүртээ олны таашаалыг хүртэж иржээ. Хүүхэлдэйг бүтээх болсон зорилго, газар нутаг болоод цаг үе бүрээрээ ялгарах бөгөөд япон хүүхэлдэйн материал, хийц, нарийн ур техник зэрэг тэдний түүхэн гүн утга санаа, гоёмсог ур хийцийг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой. 

Япон хэлээр “Хүний хэлбэр” гэсэн утга илэрхийлсэн “Нингёо” хэмээх уг үзэсгэлэнг “Баяр ёслолын хүүхэлдэй”, “Урлагийн хүүхэлдэй”, “Эгэл ардын хүүхэлдэй”, “Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь” хэмээх 4 бүлэгт хуваан танилцуулж байна. Олон жилийн түүхийн явцад баяжиж ирсэн Японы түүх, ардын ёс заншил дундаас бий болж, уламжлан ирсэн япон хүүхэлдэй болоод тэрхүү соёлыг 67 шилдэг үзмэрээр дамжуулан толилуулж буй юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн болон албаныхан оролцов.

Тус үзэсгэлэн тавдугаар сарын 9-нийг хүртэл олны хүртээл болно.




相关新闻