БАЯНХОНГОР: Нутгийнхны шүтээн бэлгэдэл “Баянхонгор бурхан”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн баруун хэсэгт байрладаг Эрдэнэмандал хайрхан буюу нутгийнхны хэлж заншсанаар Хөх толгойн оройд нутгийн шүтээн бэлгэдэл “Баянхонгор бурхан”-ы дүрийг залсан байдаг.
Галуут сумын нутаг дахь Хонгор хайрхны эзэн савдаг “Баянхонгор бурхан” нь аймгийнхаа уул ус, газар нутаг, хүн ардыг ивээж, хамгаалдаг гэх домог бий. 1995 оны зургаадугаар сард тухайн үеийн аймгийн удирдлагууд Баянхонгорын эзэн савдаг гэж үздэг дээрх бурхныг нутгийн шүтээн бэлгэдэл болгох шийдвэрээ гаргажээ. Ардын урлагийн их наадам, залуучуудын урлаг спортын уулзалт, гурван үеийн чуулган Баянхонгор хотноо болох үеэр буюу 2006 онд Баянхонгор бурхныг Эрдэнэмандал хайрхны оройд залсан түүхтэй.
Эл хайрхан аймгийн төв дэх хамгийн өндөрлөг газар тул нутгийн зон олон цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гарган, ургах нарыг харах гэж зорин очдогоос гадна хотын ерөнхий байдал бүхлээрээ харагддаг онцлогтой.
Баянхонгорын шүтээн бурхан нь
Баясгалантай сайхан ааштай
Үзэсгэлэнт цагаан царайтай
Залуу хөөрхөн бүсгүй билээ.
Тэр бүсгүй:
Үхэшгүй мөнхийн рашааныг
Халгиулж дүүргэсэн
Мөнгөн бумба гартаа барьсан
Барагдахгүй цагаан идээг
Бялхуулсан алтан тавгийг
Зүүн гартаа барьсан
Заяа сайтай
Заан хөлөглөсөн байх ажээ.
Баянхонгор аймаг 1961 онд Галуут сумаас нүүн ирж, Улаан үзүүр буюу Хөх толгойн өвөрт Эрдэнэцогт, Баян-Овоо, Өлзийт сумын зааг нутагт төвлөрсөн бөгөөд өдгөө ийнхүү Эрдэнэмандал хайрхнаа хүрээлэн хөгжиж байна.
Эрдэнэмандал хайрхныг 2005 онд аймгийн тусгай хамгалалтад авсан бөгөөд аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Эрдэнэмандал хайрхны орчмыг аялал жуулчлалын бүс болгон тохижуулж байгаа аж.