Урд хөршийн тусламжаар ашиглалтад орсон 130 дугаар сургуулийн сурагчид талархлаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан сургуулийн төслийн 3 дугаар ээлж буюу нийслэлийн 130 дугаар сургуулийг барьж, ашиглалтад хүлээлгэж өгөөд жил болж байна.
Нэг жилийн ойг тохиолдуулан, тус сургуультай танилцахаар БНХАУ-ын Худалдааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга Зөн Хуачөнг, Азийн бүс хариуцсан захирал Лян Юан, “China Gezhouba group international engineering” /Гежуба/ компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Зочдыг тус сургуулийн хөгжмийн дугуйлангийн сурагчид үкүлүлэ гитарын аялгуу дуугаар угтан авч, урлагийн үзүүлбэрээ сонирхууллаа.
Нийслэлийн 130 дугаар сургуулийн хамт
олон БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар орчин үеийн, тохилог, стандартад
нийцсэн сургуультай болсондоо ихэд талархаж байгааг захирал Ө.Болормаа уламжилсан юм. Мөн, БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын
ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа талархлаа илэрхийлээд, дараагийн төслүүдээ
амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв.
Ноён Зөн Хуачөнг тус сургуулийн сурагчдад сургалтын проектор, сурагчийн спортын бөмбөг зэрэг дурсгалын зүйл гардуулаад, “Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны сүүлээр БНХАУ-д айлчилсан. Энэ үеэр хэлэлцсэн санамж бичгүүдийг хэрэгжүүлэхээр, мөн хүлээлгэн өгсөн сургуулийн ашиглалт, чанар ямар байгаатай танилцахаар ирлээ. БНХАУ нөхөрсөг хөршийн хувьд Монгол Улсад 7 сургууль, нэг цэцэрлэг барьж, ашиглалтад орууллаа. Ингэснээр Монголын хүүхдийн сурах нөхцөлийг хангахад хувь нэмрээ оруулж байна. Цаашид манай 2 орны хамтын ажиллагаа улам өргөжин, боловсролын салбарт илүү тусалж, мэдлэг чадварыг сайжруулахыг зорино” гэдгийг онцолж байв.
“Гэжуба” компанийн захирал Жао Вен Жин, “Энэ буцалтгүй тусламж нь хоёр улсын түүхэн нөхөрлөлийн илэрхийлэл. Манай компани энэ төслийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, Улаанбаатар хотын 2021 оны шилдэг барилгаар шалгарч байсан. Бид төслөө дуусгаад орхиогүй, одоо ч сургуулийн засварт идэвхтэй оролцдог. Бид Монголын хөгжилд хувь нэмэр оруулан хамтдаа хөгжихөөр хичээж байна. Монгол, Хятадын ард түмэн нэг сэтгэлээр, харилцан тохиролцсон, хамтын ажиллагааг өрнүүлж сайн хөрш болно гэж итгэж байна” гэлээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 130 дугаар сургууль 2021-2022 оны
хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Түүнчлэн, спорт, урлаг, бөхийн заал, душ, уран зураг болон бүжгийн танхим, усан бассейн, хөдөлмөр,
мэдээлэл зүй, хими, физик гэхчлэн өөрийн онцлог бүхий 35 анги танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургалтын менежер Э.Нармандахаас тус сургуулийн онцлогийг тодруулахад, “Анх 920 хүүхдийн хүчин чадалтай гэж ашиглалтад оруулсан ч одоогоор 2820 хүүхэдтэй хичээллэж байна. Манай сургууль олон улсын стандартад нийцсэн тохижилттой, нэг ангид цөөн хүүхэд хичээллэх зориулалт бүхий жижигхэн анги танхимтай ч нөхцөл байдлаас хамаараад нэг ангид 50 хүүхэд сурч байгаа. Ангиудын хаалга, нэг хана тэр чигтээ шилэн, бүгд нээлттэй. Манай сургууль усан бассейнтай. Одоогоор ашиглалтад ороогүй байгаа. Бассейн маань 5 замтай, 1.6-2.1 м гүн юм. Бид 2 дахь жилдээ хичээллэж байна. Энэ жилээс англи, япон хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн. Дунд ангидаа эдгээр 3 ангийн аль нэгэнд сонгож орох боломжтой гэсэн үг” хэмээв.
Нийслэлийн 130 дугаар
сургуулийн барилгын ажлыг 2018 оны 9 дүгээр сард эхлүүлж, 2021 оны 8 дугаар сард
дуусгажээ. Сургуулийн хамрах талбай 15 000 ам метр, барилгын талбай 9151 ам метр юм. Улаанбаатар
хот 1.3 сая хүн амтайгаас ХУД-т 260 мянган иргэн амьдардаг. Нийслэлийн хүн амын
хамгийн их өсөлттэй хороонд хамаардаг ч сургуулийн хүртээмж байхгүй байсан юм.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд буцалтгүй тусламжаар барих сургуулийн төслийн тухай ойлголцлын баримт бичигт 2015 онд, мөн буцалтгүй тусламжаар барих 3-р ээлжийн сургуулийн төсөл батлах бичиг, төсөл хэрэгжүүлэх гэрээнд 2017, 2018 онд гарын үсэг зурж байв. Ингэснээр нийслэлийн СХД-ийн 6 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, ХУД-ийн 15-р хороонд 920 хүүхдийн сургуулийн барилга, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хүүхдийн 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Гурван сургуулийн нийт барилгын талбай 17001 ам метр, гэрээний үнийн дүн нь 82 941 923 000 юань аж.