Финтек зээл олголтын өр, орлогын харьцаа 70 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологид суурилсан зээл олголт буюу финтекийн зээл олголт 40 хувиар өсөж, ББСБ-уудын нийт 1.6 сая зээлдэгчийн 88.8 хувийг финтекийн зээлдэгч нар эзэлж байна.
Тодруулбал, ББСБ-ын нийт
хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын тоо давхардсан байдлаар
4.9 сая болжээ. Эдгээрийн 92.2 хувийг финтекийн зээлийн харилцагч нар эзэлж
байна.
СЗХ-ны мэдээлснээр улсын хэмжээнд нийт 522 ББСБ үйл ажиллагаа явуулж байна.
ББСБ-уудын зээлийн эрэлт өнгөрсөн 8 дугаар сараас хойш огцом нэмэгджээ. Энэ бүхнээс үндэслэн СЗХ ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг тогтоох талаар хэлэлцэн, зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөрийн хэмжээг 70 хувиас хэтрэхгүй (сарын татварын дараах орлоготой харьцуулан) байхаар хязгаарлаад байна. Гэхдээ энэ нь хязгаарлалт гэхээсээ илүo зохицуулалт юм гэдгийг СЗХ-ны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн тодотгож байна.
Финтекийн нэг зээлдэгчид 237.5 мянган төгрөг ногдож байна.
Дээрх шийдвэр нь ирэх оны
эхний өдрөөс хэрэгжих бөгөөд энд 36 ББСБ-д хамрагдах юм. Тодруулбал, ББСБ-уудын
дээрх тооны байгууллага нь финтек зээл олголтын үйлчилгээ эрхэлж байгаа юм.
Финтек зээл нь орон зайнаас үл хамааран бага дүнтэй хэрэглээний зээлийг иргэдэд олгож байгаа давуу талтай ч энэ төрлийн зээлийг хэт хавтгайруулж олгосноор иргэдийг өрийн дарамтад оруулах эрсдэл үүсэх магадлалтай аж. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор СЗХ 36 ББСБ-ын тухайн төрлийн зээлийн үйл ажиллагаанд зээлдэгчдийн өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар тооцож зээл олгох зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.