ЗАВХАН: Тэс сум гамшгийн иж бүрэн сургуульд хангалттай үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-10 15:17:46

Завхан/МОНЦАМЭ/. Тэс сум гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд 92.5 хувьтай дүгнүүлсэн гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Завхан аймгийн хойд бүсийн сумдад зохион байгуулж байна. Тухайлбал, Тэс суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сумын гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах. Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний мэдлэгийг дээшлүүлэх танхимын сургалтыг зохион байгуулж, хээрийн үүргэвч болон багаж техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийлээ.

Мөн Сумын онцгой комиссын гишүүд болон бүлэг, хэсгийн дарга нарыг урьдчилан бэлтгэсэн цагийн байдал дээр ажиллуулж, шийдвэр гаргалтын түвшнийг үнэлж, хоёр давхар объектод гал унтраах, аврах ажиллагааны тактикийн сургуулийг хийлээ. Тухайн суманд аливаа гамшиг осол тохиолдсон үед ард иргэдийн нүүлгэн шилжүүлэх талбайг хэрхэн бэлтгэх. Хээрийн эмнэлэг, эрүүл мэнд, боловсрол, банк санхүү, сэтгэл зүйн дэмжлэг, хоол хүнсээр хангах хэсгийг хэрхэн тохижуулах. Сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг мөн үеэр тус тус зохион байгууллаа. Энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд сумын Онцгой комисс, тусгай чиг үүргийн байгууллагууд, төрийн байгууллагын 120 гаруй ажилтан алба хаагч, таван мэргэжлийн анги бэлэн жагсаж шалгууллаа.

Ер нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь аюулт үзэгдэл, ослоос хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин, мал амьтныг хамгаалах, эрэн хайх, аврах. Хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд хүн амыг сурган дадлагажуулах. Техник хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сургуулийн бодлого удирдамжийг хэрэгжүүлэх зорилготой байдаг. Тиймээс энэхүү иж бүрэн сургуульд хэрхэн үр дүнтэй хамрагдах нь болзошгүй гамшгийн ослын үед бэлэн бэлтгэлтэй байхад ач холбогдолтой юм. Түүнчлэн Нөмрөг, Тэс суманд зохион байгуулсан иж бүрэн сургууль, Баянтэс суманд зохион байгуулсан команд штабын сургуулийн үеэр сумдын удирдах бүрэлдэхүүний бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшнийг шалгах сорил авсан. Энэ нь сумын удирдах бүрэлдэхүүнд ажиллаж буй алба хаагчдын бэлтгэл бэлэн байдалд үнэлгээ өгөх, тэднийг дадлагажуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургуулийн чухал хэсэг байсан гэв. 










相关新闻