ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-04 17:15:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хууль бусаар ховор ургамал түүх болон байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер дрон ажиллуулж байна.

Аймгийн Засаг даргын тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг хэрэгжүүлэх, хууль бусаар нэн ховор болон ховор хонин арц түүх явдлыг таслан зогсоох. Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор автомат камерыг ашиглаж эхэлсэн.

“Отгон бор хавцал” ТББ-тай хамтран аймгийн БОАЖГ-аас дрон, болон автомат камерыг урд бүсийн сумдад ашиглаж эхэллээ. Завхан аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой.

Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг суманд тарваган тахлын голомтын идэвхжил их байгаа нь сүүлийн хоёр жил ажиглагдаж байгаа.

Тиймээс жил бүр Зоонозын өвчин судлалын төвөөс тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээг хийдэг байна. Мөн байгалийн голомттой газар нутгаас иргэд санаатай болон санамсаргүйгээр хориотой ан хийдэг.

Мөн тус аймгийн урд бүсийн сумдын нутгаас, нэн ховор болон ховор хонин арцыг хууль бусаар түүсэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг жил бүр өсөж байна. Өнгөрсөн жил гэхэд хонин болон ямаан арцыг зөвшөөрөлгүйгээр түүсэн зөрчил 15 удаа гарсан байна. Мөн тарваган тахлын голомт бүхий газар нутгаас тарвагыг хууль бусаар агнах, зарж борлуулсан зөрчил 17 удаа гарсан байна. Тиймээс байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хөдөлгөөнт камер болон автомат камерыг ашиглах нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн эдгээр бүс нутгууд дахь биологийн төрөл зүйлийг судлахад зориулагдан ашиглаж байна гэж аймгийн БОАЖГ-аас тус тус мэдээлэв. 


相关新闻